• 12 сарын 23, Даваа гараг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шинэ байртай боллоо
250 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөниий газрын харъяа Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны түүхт 25 жилийн ой өнөөдөр /2016.10.14/ тохиолоо. Ойн баярын энэ өдөр тус алба нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх шинэ байраа ашиглалтад оруулж, нээлээ.

Байрны нээлийн арга хэмжээнд Баянхонгор аймгийн ШШГА-ны дарга, хурандаа  Д.Одсэр, тус албаны анхны дарга Т.Энхбаяр, дэд хурандаа У.Балдорж, Д.Түмэнжаргал, хурандаа Ч.Баяр, Я.Сайнжаргал, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл тус тус байлцлаа.

1991 оны гуравдугаар сард анхлан нээгдэж байсан хорих 455 дугаар анги нэртэйгээр байгуулагдаж байсан тус анги 2002 оноос эхлэн ШШГА болон өөрчлөгдсөн байна.Эдүгээ 29 ажилтан, алба хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус албаны материаллаг баазийг хангаж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлэд аймаг, орон нутгаас анхаарч  2012-2016 хооронд тасралтгүй хөрөнгө оруулж ирсэн байна. Үүний томоохон ажлын нэг нь тус албаны нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байрыг шинээр барьж, ашиглалтад оруулсан явдал юм. Энэхүү байр нь 60 хүний багтаамжтай 13 хорих өрөөтэй, орчин цагийн хэрэгцээ шаардлага, хүний эрх, эрх чөлөөг хангасан орчин нөхцлийг бий болгож чадсанаараа онцлог. Тухайлбал, саатуулагдсан иргэдийн эрхийг хамгаалах үүднээс уулзалтын өрөөн дэх яриа бусдад сонсогдохгүй байхаар шийдэж өгчээ. Мөн халуун усны болон зан заншлын буюу баясалгал, ухаарлын өрөөг тус тус шийдсэн байна. Хяналтын, хурлын, эмчийн, өмгөөлөгчтэй уулзах өрөөнүүдийг тус бүрт нь гаргаж өгчээ. Ингэснээр алба хаагчдын аюулгүй байдал, орчин нөхцлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тус албаны дарга Д.Одсэр хэлж байв.

 

Энэ үеэр аймгиийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, “Эдийн засгийн хямралтай хүнд үед ШШГА өөрийн гэсэн байртай болж байгаа нь сайшаалтай юм. Хэдий түр хорих хоригдож байгаа ч гэсэн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөлөөр хангагдсан байртай болж байгаад баяр хүргье. Энэхүү барилгыг цаг хугацаанд нь чанартай барьж ашиглалтад оруулсан R&B компнийн хамт олонд мөн талархал илэрхийлмээр байна. Та бүхний цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсч Засаг дарга  нөөц хөрөнгөөс 10 сая төгрөгийг танай байгууллагын дотоод тохижилтод зориулан олгохоор болсныг дуулгахад таатай байна” гэдгийг уламжиллаа.

Мөн ШШГЕГ-ын Дэд дарга Г.Туулхүү цаашид ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхааран ажиллах болно. Удахгүй УИХ-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг өргөн барихаар болсон. Энэхүү хууль батлагдсанаар манай байгууллагын ажилтан, алба хаагчдын нийгэм, эдийн засгийн асуудал цогцоор шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг хэлж байлаа.

ШШГА өмнө нь үйл ажиллгаандаа ашиглаж байсан байр нь цэргийн албан хаагчдын салихгын зориулалтаар, дараа нь цагдаагийн байгууллагад шилжин эрүүлжүүлэх байрны зориулалтаар ашиглагдаж байжээ. 

2016-10-14 06:18:43