• 12 сарын 23, Даваа гараг
Хонгор нутгийн залуус цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ
179 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр /2016.10.20/ 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Өвөрхангай, Улаанбаатар хотын дугаар ангиудад нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан Баянхонгор аймгийн байлдагч нар албаа амжилттай хаагаад нутагтаа ирлээ. Тэднийг эцэг эхийн хамтаар  аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар нарын албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа.  

 

Уг уулзалт албаа хаагаад ирсэн цэргүүдэд ажлын байрны санал танилцуулах, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авах, хаана, ямар чиглэлээр сурч боловсрох боломжтой зэрэг мэдээ, мэдээллийг өгч, тэдний талаарх дэлгэрнгүй судалгааг гаргахад чиглэсэн байна. Тухайлбал, “Насан туршийн боловсрол” боловсролын төвийн зүгээс залуусын боловсролыг дээшлүүлэх үүднээс сурах хүсэлтэй цэргүүдийг бүртгэлээ. Мөн өөрийн сонирхсон мэргэжлээр суралцах боломжтойг танилцуулсан юм. Ингэснээр тухайн цэргийг дараагийн шатанд ажлын байранд зуучлах, орлоготой болгох боломжийг нээж өгдөг тухай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Энхбаатар хэлж байв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал албаа амжилттай хаагаад ирсэн цэргүүдэд баяр хүргэж, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хүний амьдралд тохиолдох саад бэрхшээлийг нугаралгүй давах, өрх гэрээ өнгөтэй өөдтэй авч явах арга ухааныг эзэмшиж ирсэн эдгээр залуус маань эх нутагтаа ажилтай орлоготой, аз жаргалтай амьдарч, хонгор нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцох ёстой. Тэрхүү боломжийг аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс бий болгож, бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Тухайлбал, Баянхонгор аймаг энэ дөрвөн жилд ажилгүй иргэдээ ажилтай, орлоготой болгоход анхаарч, Жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байна. Энэ салбарт та бүхний хичээл зүтгэл маш чухал. Хэн юу сурсан, хэн юу чадаж байна түүнийгээ ажил, орлого, ажлын байр болгож хөгжүүлэх ёстой. Харин аймаг, орон нутгийн зүгээс та бүхэнд тэрхүү санал санаачилга нэг бүрт нь боломжийг бүрдүүлж, ажил хийе, юм бүтээе гэсэн залуусаа дэмжиж ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Энэ жилээс эхлэн аймгийн Засаг дарга цэрийн албаа амжилттай хаагаад ирсэн цэргүүдэд дурсамж хадгалуулдаг болсон байна. Үүний эхлэл болгож албаа хаагаад ирсэн дээрх цэргүүдэд аймгийн Засаг даргын дурсамжийг гардууллаа.

 

2016-10-20 11:19:05