• 12 сарын 23, Даваа гараг
Өсвөрийн шилдэг тамирчдыг урамшуулав
190 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр/2016.10.21/ аймгийн Засаг даргын 642 дугаар захирамжийн дагуу энэ оны эхний хагаст Олон улс, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гарагасан өсвөрийн тамирчид, дасгалжуулагч нарыг шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал гардуулж тамирчид, дасгалжуулагчдад амжилт хүсэв.

 

Азийн хүүхдийн их наадмын чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Б.Хонгорзул, мөнгөн медаль хүртсэн Т.Цээням, хүрэл медаль хүртсэн М.Пүрэвтунгалаг, Э.Бямбадорж, Э.Батмагнай, Ө.Пүрэвсүрэн, жудо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Л.Сосорбарам, хүрэл медаль хүртсэн А.Бадамгарав, Даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан Т.Анужин, хүрэл медаль авсан Шинэбаяр, С.Гандиймаа, Б.Билгүүндарь, Б.Түмэннаст, Дэлхийн хүүхдийн их наадмын сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртсэн Л.Өсөхбаяр, хүрэл медаль хүртсэн Н.Мөнхчөдөр нарын өсвөрийн тамирчид, тэднийг дасгалжуулсан Л.Лувсандэмбэрэл, Г.Сүхбат, С.Мөнхдуулдах нарын 20 хүнийг шагнаж, урамшууллаа. Нийтдээ 20 орчим сая төгрөгийн мөнгөн шагналыг олгожээ.

 

Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ, “Миний бие аймгийн Засаг даргын ажлыг авснаас хойш хүүхэд, залуучуудын спортын үйл хэргийг дэмжих үүднээс 50 гаруй сая төгрөгийг дотоод бэлтгэл сургуулилт, гадаадын тэмцээн уралдаанд явахад дэмжлэг үзүүлэхээр олгоод байна. Энэ үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн тухайд бид улс, тив, дэлхийн чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдаа шагнаж урамшуулдаг журмын дагуу та бүхний урамшууллыг олгож байна. Удахгүй 2018 онд Дэлхийн хүүхдийн спортын их наадам болно. 2020 онд олимп болно. Тийм учраас эдгээр томоохон тэмцээн уралдаанд хүүхэд залуусаа амжилттай оролцуулах үүднээс аймаг, орон нутаг бодлогоор болон хөрөнгө санхүүгээр дэмжин ажиллаж байна. Манай өсвөрийн тамирчид нутаг усныхаа нэрийг тив, дэлхий, олимпын давцанд дуудуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн жилүүдэд манай тамирчид жүдо бөх, чөлөөт бөх, даам гэсэн төрлүүдэд өндөр амжилт гаргаж байгаа нь миний дээрх бодлыг бататгаж байгаа гэж харж байна. Энэ бүхэн аймгийн Биеийн тамир, спортын газрын үе үеийн удирдлага, багш дасгалжуулагчдын уйгагүй хөдөлмөртэй салшгүй холбоотой. Тиймээс аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс та бүхэнд мөн баяр хүргье” гэлээ.  

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргалыг Баянхонгор аймагт олимпийн хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх, биеийн тамир спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монголын Үндэсний Олимпийн Хорооны алтан медалиар шагнасныг  Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Батсүрэн гадруулав.

 

Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Өсвөр үеийн шигшээ баг, тамирчид энэ оны есдүгээр сарын байдлаар эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гандбол, чөлөөт бөх, жүдо бөх, бокс, ширээний теннис гэсэн төрлүүдээр УАШТ, ОУАШТ, АТАШТ, ДАШТ-үүдэд оролцож амжилт үзүүлжээ. Медалийн хувьд 29 алт, 44 мөнгө, 16 хүрэл, нийт 89 медалийг тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанаас авчээ.

 

2016-10-21 09:26:24