• 12 сарын 23, Даваа гараг
Эрдэнэцогт урирдах ажилтны сургалт зөвлөлгөөнөө хийсэн эхний сум боллоо
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өчигдөр /2016.11.08/ Эрэдэнцогт суманд Удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөн боллоо. Тус сум бусад сумдаас хамгийн эхэнд 2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчид, сум, багийн Засаг дарга нарынхаа дунд эл зөвлөлгөөнийг хийж буйгаараа онцлог. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ цаг мөчид цаг хугацааг ашиглах, хурдтай ажиллах нь хамгийн чухал гэж тус сумын удирдлагууд үзжээ.

 

Сургалт зөвлөлгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Азбаясгалан нар сумын ИТХ, ЗДТГ-т шинээр томилогдсон болон төрд түмнээ төлөөлж ажиллах үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад хууль, эрх зүйн  сургалтыг хийлээ. Тус сургалт төрийн албан хаагч, тэр дундаа төрийн удирдлагын баг, бүрэлдэхүүнд төрийн үйл ажиллагааг иргэдэд хууль эрх зүйн хүрээнд хүргэхэд тус дөхөм болно гэж зохион байгуулагчид үзсэн байна.

 

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэгээс тодрууллаа.

 

Д.УРАНЧИМЭГ:ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШИРЭЭНИЙ НОМ БАЙХ ЁСТОЙ

 

Сургалтаар юуг голчлон заасан бэ?

Бид төрийн албан хаагч хуулиар олгогдсон ямар эрх үүргийг эдэлдэг, ямар хариуцлага хүлээдэг талаар заалаа.

2016 оны долдугаар сарын 1-нээс эхлээд  Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж, улс орон даяар мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулиар төрийн албан хаагчдын үйл ажиллагааг нэлээд журамлаж өгсөн. Захиргаанаас гаргаж буй шийдвэрийг үндэслэлтэй болгохын тулд олон эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тийм учраас энэ хууль төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн ширээний ном байх ёстой. Энэ утгаараа Захиргааны ерөнхий хууль хэр сайн хэрэгжиж байна, тэр хэмээгээр тухайн байгууллага, албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж байна гэж ойлгох ёстой учраас энэ хуулийн талаар сургалтаар дамжуулж маш сайн тайлбарлалаа.

 

Нөгөө талаар Засаг дарга ямар ямар салбарын хууль, тогтоомжид заасан ямар эрх эдлэх, үүрэг хүлээх ёстой гэдгийг нарийн тодорхой болгож өгөх үүднээс холбогдох салбаруудын хуулиас түүрэвлэж тайлбарлаж өглөө. Энэ утгаараа энэ удаагийн сургалт үр дүнтэй болсон гэж байдаж байна.

 

Хөдөө сумдад төрийн албан хаагчдын маань иргэддээ хууль эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, өөрсдөө хуулийг ашиглах чадвар ямар хэмжээнд байна гэж та харж  байна?

 

Төрийн албанд орох шалгуур өндөр. Хуульд заасан шалгуурыг хангасан, сонгогдсон этгээд төрийн албанд ажиллаж байгаа. 2016 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдож гарч ирсэн Засаг дарга нар, ИНХ-ын төлөөлөгч нар нутаг орондоо хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн албыг хаших чадвартай хэмээн ард түмэн нь үзсэн учраас сонгогдсон гэж ойлгож байгаа.

 

Цаашид энэ төрлийн сургалтыг үргэлжлүүлэх үү?

 

Бид хууль, эрх зүйн сургалтыг төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан хүсэлтийн дагуу зохион байгуулж байна. Эхнийх нь Эрдэнэцогт сумын ЗДТГ байсан. Дараагийн сургалтууд төлөвлөгдсөн. Тухайн хамт олон, байгууллагын өөрийн хүсэлтээр сургалтыг зохион байгуулж буй нь ач холбогдол, үр өгөөжийн хувьд өндөр байна гэж харж байгаа.Тиймээс сургалтаа бид цаашид үргэлжлүүлээд явна гэлээ.

 

Дүн өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд ийнхүү Эрдэнэцогтчууд төр захиргааны байгууллагаа цэгцэнд нь оруулж, төрийн албан хаагчид, тэр дундаа удирдах ажилтнуудынхаа хурлыг хийж, өвөл, хаврын их ажилдаа гарч байна.

 

Тус сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар улиран сонгогдсон туршлагатай дарга нарын нэг. Тэрээр сумын болон багийн ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтан алба хаагчдад хандаж, “Би шинээр сонгогдсон Засаг дарга. Хуучнаараа байна гэж ойлгож болохгүй. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд шинэ сэтгэлгээгээр, эрч хүчтэй, хурдтай ажиллах ёстой гэдгийг” хэлж байлаа. Эрдэнэцогт сум өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх багтаа үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлж, сумын төвийнхөө дулаан хангамжийг нэг мөр шийдэж чаджээ. Мөн эрчим хүчнийхээ хүчин чадлыг ч нэмэгдүүлж амжсан байна. Тиймээс ирэх дөрвөн жилд тус сум үйлдвэрлэлийн чиглэлд анхаарч ажиллах аж. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Тус сум улсдаа сарлагаараа тэргүүлэх сум болсонтой холбоотойгоор сарлагын хөөврийг боловсруулах үйлдвэрийг байгуулах аж. Нийтдээ сумандаа 70 орчим ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьсан байна. Мөн аймгийн төвтэй хатуу хучиглттай замаар холбогдохоор мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тус сумын нэг том зорилт нь улсын тэргүүний сум болох явдал гэнэ. Тиймээс энэ их ажлын ард гарахын тулд цагийг ягштал баримталдаг болохоор зорин ажиллаж байна.

 

2016-11-09 03:04:43