• 12 сарын 23, Даваа гараг
Ж.Мөнхсоёл ажлаа хүлээж авлаа
230 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл ажлаа хүлээж авлаа. Түүнд 2012-2016 онд Баянхонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Төмөрбаатар Баянхонгор сумын тамгыг гардуулж, ажилд нь амжилт хүсэв.

Энэ үеэр Баянхонгор сумын Засаг даргаар томилогдсон Ж.Мөнхсоёл Ж.Төмөрбаатар даргад эрүүл энхийг хүсч, цаашдынх нь ажилд амжилт хүсээд хийж байсан ажлын сайныг сайжруулж, мууг нь засч залруулж ажиллахаа илэрхийллээ.  

Мөн тэрээр, “Өнөөдрийн сайхан өдрийн мэндийг хүргье. 2016 оны УИХ, аймгийн ИТХ, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН ард иргэдийнхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулсан. Миний хувьд ард иргэдийнхээ болон намынхаа журмын нөхдийн итгэлийг хүлээж энэ өндөр албан тушаалд томилогдож байгаа энэ мөчид хариуцлагаа гүнээ ухамсарлаж байна. Өнөөдрийн миний томилогдож буй албан тушаалыг өмнө миний аав Жадамба 1998-2005 он хүртэл хашиж байсан. Тиймээс энэ бол надад үүрүүлсэн асар их хариуцлага, нэр төрийн хэрэг юм. Аавынхаа энд хүрч ажиллах юмсан гэж хүсч байна.

 

Баг хамт олноо зөв удирдаж зөв удирдагч байхын төлөө өдөр бүр суралцаж, өсөж, хичээж ажиллах болно. Баянхонгор сумын 9600 гаруй айл өрх нэг бүрийг ажилтай, орлоготой, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Баг, хамт олонтойгоо гар нийлж, ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.  

 

2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар шинэ тутам бүрдээд буй Баянхонгор сумын ИТХ шинэ даргаа ийнхүү батламжилсанаар ойрын хугацаанд сумын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, багийн Засаг дарга нараа томилж, ирэх оны төсвөө хэлэлцэн батлах гээд олон ажлыг амжуулах болж байна. 

2016-11-21 03:42:28