• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ 100 ХОНОГ- ОНЦЛОХ 20 АЖИЛ
375 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ оны долдугаар сарын 19-нд ажлаа авснаас хойш 100 хоног өнгөрөөд байна. Тэрээр энэ хугацаанд Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан зорилт, бодлого шийдвэрүүдийг аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлжээ.

 

1.    ЗАСАГ ДАРГА АЙМГИЙН 20 СУМ, СУУРИН ГАЗАРТ ХҮРЧ АЖИЛЛАВ                       

   Баянхонгор аймгийн Засаг Дарга үүрэгт ажилдаа долдугаар сарын 19-нд томилогдов. Тэрээр ажлаа авсан даруйдаа аймгийнхаа бүх сумдад хүрч ажиллалаа. Хоёр сарын хугацаанд нийтдээ 20 сум, суурин газарт хүрч ажиллан иргэд малчидтай уулзалт хийж тэдний санал хүсэлтийг сонслоо. Иргэд уулзалтаар мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, мах, сүүн, сүүн бүтээгдэхүүнийг экспортллох, эцсийн бүтээгдэхүүн болгох, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг захиж байв.

 

2.    ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ АЙМГИЙН ИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАТЛУУЛАВ

Аймгийн Засаг дарга ажлаа авснаас хойшх 20 дахь хоногтоо 2016-2020  онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлууллаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь бүтээх чадвар өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болоход чиглэгдсэн байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүний хөгжил, нийгмийн бодлого, эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтийн бодлого, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, дэд бүтцийн хөгжлийн бодлого, засаглал, гадаад харилцаа, нийгмийн аюулгүй байдлыг хангах бодлого гэсэн таван чиглэлийг онцгой анхаарчээ. Мөрийн хөтөлбөрт туссан эдгээр ажлууд Баянхонгор аймгийн 20 сумын иргэдийн саналд тулгуурласан байна. Нөгөө талаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс өмнө батлагдсан нь улсын бодлого шийдвэрт өөрийн аймгийн тулгамдсан асуудлыг тусгуулахад давуу тал олгож өгчээ.

 

3.    Г.БИРВАА АГСНЫ МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАВ

Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс монголын хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч Г.Бирваа агсны тэгш ойг төрөлх нутагт нь тэмдэглэн өнгөрүүлж, түүний амьдрал, уран бүтээлийг хойч үед таниулан сурталчилах чиглэлээр аймгийн Засаг дарга анхны захирамжаа гаргалаа. Ойн хүрээнд Г.Бирваа агсны амьдралын түүхэн үеүдийг илэрхийлэх гэрэл зураг, хэрэглэж байсан эдлэл, гар бичмэл зэргээс бүрдсэн үзэсгэлэнг аймгийн Угсаатны зүйн музейд гаргав. Г.Бирваа агсны зохиосон Нарны дуулал дуугаар нэрлэгдсэн “Нарны дуулал” дуулаачдын улсын анхдугаар уралдааныг мэргэжлийн, сонирхогчдын, хүүхдийн гэсэн төрлүүдээр аймгийн ХДТ-т аравдугаар сарын 22-24-ны хооронд зохион байгуулав. Тус уралдаанд 16 аймаг, улсын театр, чуулгын 130 гаруй уран бүтээлчид, ардын авьяастан, хүүхдүүд оролцов. Уралдааны Гран приг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин П.Баярмагнай хүртлээ.

 

4.    УИХ-ЫН ДАРГА, УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД ОРОН НУТАГ ДАХЬ АЛБАН ТОМИЛОЛТОО  БАЯНХОНГОРООС ЭХЛҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

УИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь албан томилолтоо аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Баянхонгор аймгаас эхлүүлэв. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Х.Бадамсүрэн багтсан юм. Тэд аймгийн иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсч, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, орон нутагт тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлого явуулахад анхаарч улсын хэмжээнд 100 ААН-ыг бий болгохоор төлөвлөсөн. Баянхонгор аймгийн онцлогт тохирсон хэд хэдэн үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ.

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын эсрэг Хармони эмийг Архангай аймгаас эхлэн 2000 хүнд үнэ төлбөргүйгээр хэрэглүүлэхээр болсон. Удаах аймгаар Баянхонгор аймгийг сонгожээ. Тун удахгүй Элэг бүтэн Баянхонгор хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хүүхдийн амьсгалын аппарат, хүүхдийн дулаацуулах ширээ, рентиген аппаратыг олгохоор боллоо.

 

5.    ШИЛДЭГ БАГ, ТАМИРЧДАА УРАМШУУЛЛАА

Баянхонгор аймгаас Олон улс, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдын замын зардал, эхний гурван байрт шалгарсан тамирчид, дасгалжуулагч багш нарт мөнгөн шагнал олгоход 48.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь амжилт үзүүлж буй баг, тамирчин, дасгалжуулагчид аймаг, орон нутгаас үзүүлж буй бодит дэмжлэг болохын сацуу ирээдүйд төрөн гарах тамирчдыг төлөвшүүлэх, тэдний бэлтгэл сургуулилтад бодит дэмжлэг болж байна.

 

6.    НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг ашиглалтад оруулав. Тус төвийг ашиглалтад оруулснаар гэр бүлийн орчинд далд хэлбэрээр явагддаг хүчирхийлэлд өртөгсдөд цаг алдалгүй тусламж, хууль зүйн болон сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжийг нээж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх томоохон ажил боллоо.

 

7.    САЙН БАГШ ХӨТӨЛБӨРИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА

ЕБС-уудад хичээлээс гадуур дугуйлан секц, сонгон хичээллүүлэх, гар утасны хэрэглээг хязгаарлах, сумын харьяаллын хүүхдийг аймагт  бүртгэж авахгүй байх, ЕБС-ийн багш нарын мэргэжлийн түвшин тогтоох талаар аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамж гаргав. Уг ажлыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Цаашид “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багшийн ур чадвар, хүүхэдтэй ажиллах арга барилыг сайжруулж, жил бүр түвшин тогтоодог болох юм. Амжилттай ажиллаж байгаа багш нарыг урамшуулж, хангалтгүй үзүүлэлттэй багш нарт хариуцлага тооцох замаар боловсролын салбарт дэвшил гаргаж, ирээдүйн Баянхонгор аймгийн эздийг өндөр түвшинд бэлтгэнэ гэж үзжээ.

 

8.    ӨНГӨРСӨН ОНООС ҮЛДСЭН ӨР 1.4 ТЭРБУМ БАЙНА

 

Баянхонгор аймаг 2014-2016 оны хооронд аймгийн төвийн 10 км автозам, Төв цэцэрлэгт хүрээлэн, Баянхонгор суманд ойн зурвас байгуулах, Гандангийн гэгээнтний барилга, Хандивийн цэцэрлэг, 13 дугаар цэцэрлэгийн халаалтын зуух, Төв замын гэрлэн шон, Эрдэнэмандал хайрхны антенн, Түйн голын гүүрний гэрэл зэрэг ажлуудыг нийт 6.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэгдсэн байдаг. Эдгээр ажлуудаас он дамжиж 1.4 тэрбум төгрөг өр болж үлдсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудын өр эдийн засгийн хүндрэлтэй үед аймаг, орон нутагт өрийн дарамт үүсгээд байна. Гэсэн хэдий ч дээрхи өрийн 140 орчим сая төгрөгийг барагдуулжээ.

2016 онд орон нутгийн төсөвт байгууллагын он дамжин ирсэн 360 гаруй сая төгрөгийн өрийг үндсэнд нь барагдуулжээ. 2017 онд ямар нэгэн өр, авлагагүй шинэ оныг угтахаар ажиллаж байна.   

 

9.    БАЯНХОНГОР СУМАНД ХОЁРДУГААР БАГИЙН ТӨВ БАРИГДЛАА                       

   Баянхонгор сумын хоёрдугаар багт спорт заал бүхий багийн хөгжлийн төвийг хоёр сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахд бэлэн болоод байна. Тус багийн төвийн барилга баригдсанаар хоёрдугаар багийн иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай ойроос авах, чөлөөт цагаараа спортоор хичээллэх таатай орчин бүрдэх юм. Хоёрдугаар багийн төвтэй ижил хэмжээ, стандартын барилгыг өмнөх онуудад 430 сая төгрөгөөр барьсан байдаг. Тэгвэл тус барилгыг “Чандмань-Баянхонгор” ХХК 330 сая төгрөгөөр барилаа.

 

 

10.  ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРЧ МУУДААД БАЙСАН ХӨХ ТОЛГОЙН ГОЛЫН ЗАМЫГ ЗАСВАРЛАВ

Энэ оны 8 дугаар сард болсон хоёр удаагийн үерийн улмаас аймгийн төвийн 2, 3, 7, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт болон бусад газарт ангал үүсж,үерийн улмаас хатуу хучилттай авто зам дээр их хэмжээний шороо овоорч дарагдаад байв. Мөн хөрсөн замуудад эвдрэл үүссэнээс хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж авто машины түгжрэл бий болж, осол аваарь гарах хүний амь нас эрсдэх аюул гарч болзошгүй нөхцөл байдал бий болсон. Иймд орон нутгийн замын сангийн хөрөнгөөс 26.9 сая төгрөгийг аймгийн ИХТ-ын хуралдаанаар батлууллаа. Улмаар ажил гүйцэтгэгчийг тендер сонгон шалгаруулалтаар “Их богд зам” ХХК шалгаран 10 дугаар сарын 5-25-ны хооронд хучилттай авто зам дээрх шороог зайлуулан ачих, сайжруулсан зам болон гудамжуудад үүссэн ангалуудыг хайргаар дүүргэж тэгшлэн, нягтруулах ажлуудыг бүрэн хийж дуусгажээ.

 

11.  БАЙДРАГИЙН ГҮҮР ОРЧМЫГ БАЙНГЫН ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОВ                 

   Байдрагийн гүүр орчмыг байнгын эрчим хүчинд холбов. 35-14-04-ийн шугамыг 10 хоногийн хугацаанд 80 сая төгрөгийн төсөвт өртгөөр тавилаа. Ингэснээр Байдрагийн гүүр орчмоор байнгын амьдардаг 30 гаруй айл өрхүүд үйлдвэрлэл үйлчилгээгээ сайжруулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой боллоо. Дэд бүтцийг шийдсэнээр цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тухайн нутгийн иргэдийн амжиргаа дээшлэх бодит боломж бүрдэж байна.  Тус ажлыг “Баянтал энержи” ХХК, “Гарьд системс” ХХК-ууд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.

 

12.  БУУЦАГААН СУМЫН ГУРАВДУГААР БАГТ БАГИЙН ТӨВ БАРЬЖ БАЙНА              

 

   Хөдөөгийн багуудаас хамгийн муу барилгатай тохь муутай гэгддэж байсан Бууцагаан сумын Өлзийтийн гуравдугаар багийн төвд шинэ конторын барилгыг 70 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулах ажлыг эхлүүлэв. 2017 оны эхээр тус багийн иргэд шинэ багийн төвөө ашиглалтад хүлээж авна. Энэхүү багийн төвийг 15-04-ийн цахилгааны шугамд холбож байнгын эрчим хүчний эх үүсвэрээр хангалаа.

 

13.  БАГИЙН ЭМЧ НАРЫГ УНААЖУУЛАВ  

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумын багийн эмч нарыг 18 сая төгрөгөөр бүрэн унаажуулж 10 мотоцикль олголоо. Багийн эмч нарын хувьд ажил явуулах өөрсдийн гэсэн унаагүй, бартаа саад ихтэй замаар морь малаар явж багийнхаа айл өрхөөр ордог байв. Энэ байдал айл өрхүүдэд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг хүргэхэд хүндрэлтэй нөхцлийг бий болгосоор ирсэн. Тиймээс аймгийн Засаг дарга иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, багийн эмч нарынхаа үйл ажиллагаанд ийнхүү дэмжлэг үзүүлж унаажууллаа.

 

14.  215 ИРГЭНТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗАВ

Аймгийн Засаг дарга ажлаа авснаас хойш долоо хоног бүрийн дөрөв дэх өдрийг иргэд хүлээн авах өдөр болгож хэвшээд байна. Тэрээр ажлаа авснаас хойшх 100 хоногийн хугацаанд  нийт 215 иргэнтэй биечлэн уулзалт хийж, тэдний тавьсан асуудлыг  шийдвэрлэн ажиллаж байна. Засаг даргатай уулзаж буй иргэдийн 70 хувь нь  ажлын байр, 20 хувь нь тусламж дэмжлэг хүсч байгаа бол зургаан хувь нь орон гэр, дөрвөн хувь нь газрын асуудлаар ханджээ. Эдгээр иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлтийн 60 хувийг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж 40 хувийг  холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх буюу шууд хариу өгсөн байна.  Мөн 20 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламжийг иргэдийн өргөдөлд тулгуурлан шийдвэрлэжээ.

 

15.  100 ХОНОГТ 172 ЗАХИРАМЖ ГАРГАВ

 

Аймгийн Засаг дарга 100 хоногийн дотор 172 захирамжийг төрийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гаргажээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, залуучууд, ахмадуудын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчийг чадавхижуулах чиглэлээр захирамж гаргасан байна. Мөн 13 иргэнд эмчилгээ, сургалтын төлбөр зэргээр буцалтгүй тусламж үзүүлэхээр захирамж гаргасан байна.

 

16.  ХЭВЛЭЛД НЭЭЛТТЭЙ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ АЖИЛЛАНА

Нээлттэй засгийг байгуулах үндсэн зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга ажлаа авсан даруйдаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хоёр удаа уулзлаа. Тэрээр эл уулзалтаар иргэдэд төр засгийн мэдээллийг дамжуулахын зэрэгцээ төрийн үйл ажиллагааны алдаа оноог үнэн зөвөөр мэдээлэхэд хэвлэл мэдээллийн үүргийн чухлыг онцлоод төр, иргэний гүүр болон ажиллахад бодит дэмжлэг үзүүлж  хамтарч, нээлттэй ажиллахаа илэрхийллээ.

 

17.  ХУУЧИРЧ МУУДСАН ОРЦЫГ ЗАСВАРЛАВ

Иргэдийн амьдралын орчин нөхцлийг сайжруулах нь төрийн үндсэн үүргийн нэг. Тиймээс аймгийн Засаг даргын санаачилгаар Баянхонгор хотын хуучирч, муудсан зарим нийтийн орон  сууцны дээвэр, гадна  пасад, дулаалга, орцыг засварлав. Тус ажлын төсөвт өртөг 85 орчим сая төгрөг байсныг 46 орчим сая төгрөгт багтаан гүйцэтгэж, төсвийн хөрөнгийг хоёр дахин хэмнэжээ.

 

18.  АШИГЛАХАА БОЛЬСОН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн ЗДТГ-ын баруун жигүүр хаалттай байсны улмаас ашиглах боломжгүй байсан юм. Тэгвэл ашиглах боломжгүй болсон гурван давхрын 20 гаруй өрөөг засварлаж ашиглалтад орууллаа. Ингэснээр аймгийн ЗДТГ-ын болон аймгийн ИТХ-ын алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ая тухтай орчин бүрдлээ.  

 

19.  ТООРОЙН БАЯРТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Засаг даргын санаачилгаар Баянхонгор аймгийн иргэд БНХАУ-ын Альшаа аймаг Цэхэ боомтод 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Тоорой мод”-ны баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцов.

Аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хилийн үзэсгэлэн худалдаагаар дамжуулан гадаад зах зээлд сурталчилан таниулж, худалдан борлуулах, цаашлаад гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ оролцууллаа.  Үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн Жинст, Богд, Эрдэнэцогт, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-өндөр, Баянхонгор сумдын 160 иргэн, аж ахуй нэгж байгууллага сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, монгол үндэсний дээл, эсгий, эсгий эдлэл, сийлбэр гэх мэт 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

 

20.  МАЗААЛАЙГ ХАМГААЛАХ, ТОО ТОЛГОЙГ ӨСГӨХ ЧИГЛЭЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХААР БОЛОВ

Аймгийн Засаг дарга зөвхөн Говь-Алтай, Баянхонгор аймагт л цөөн тоогоор үлдсэн мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг өсгөх чиглэлээр МАМА Мазаалайг аврах монголын алхам/ төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.  Уг ажил 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Мазаалай баавгайн тархацыг Олон жилийн судалгааны дүнд ердөө Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Тиймээс аймгийн Засаг дарга дэлхийд нэн ховордсон панда баавгайг хятадууд гол бэлгэдлээ болгож, тоо толгойг өсгөхөд хүч хаяж байгаа шиг бид дэлхий дээрх говь цөлийн бүсд амьдарч буй баавгайн цор ганц төрөл зүйл болсон мазаалайг хайрлаж, хамгаалах тал дээр дорвитой ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

 

2016-11-28 05:41:24