• 12 сарын 23, Даваа гараг
В.Наранчимэг: 15 мянган төгрөгөөр 15 жил эрүүл явах боломжтой
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ хамт олон өөрсдийн санаачилгаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн В.Наранчимэгээс тодрууллаа.

 

ЗДТГ-аас ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн ямар үзлэг, шинжилгээнд хамруулсан бэ?

 

Аймгийн ЗДТГ-ын санаачилгаар Эрүүл мэндийн газар, Супрессор өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран элэгний В, С вирусыг илрүүлэх тестын шинжилгээнд манай байгууллагын 50 гаруй албан хаагч хамрагдлаа. Энэ ажлын хүрээнд манай байгууллагын нийт ажилтан, албан хаагчид цусаа бэлэглэсэн юм. Аймгийн хэмжээнд тулгамдсаар ирсэн нэг асуудал нь цус, цусан бүтээгдэхүүний хүрэлцээгүй байдал. Тиймээс цусны төвийн нөөцөд хувь нэмрээ оруулж цусаа хандивласан юм. Шинжилгээний үр дүнд В вирус илрээгүй албан хаагчид В вирусын сайн дурын викцинд хамрагдах санаачилга гаргаж ЗДТГ-ын хүрээнд 36 хүн энэ викцинд хамрагдлаа.

 

В вирусын вакцинд хамрагдсанаар ямар ач холбогдол вэ?

 

Хүн өөрийн эрүүл мэндийг муудсан хойно нь биш төрөл бүрийн өвчин халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндэд хамгийн тустай байхын зэрэгцээ хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэдэг сайн талтай. Ялангуяа Монгол Улсад тархалт өндөртэй байгаа элэгний вирусыг эрт үед оношилж, дархлаажуулалтын вакцинд хамрагдсанаар амьдралын хугацааг уртасгаж, эрүүл саруул аж төрөх чухал ач холбогдолтой. Элэгний В вирус нь өөрөө хоруу чанар өндөртэйд тооцогддог учраас хэрэв танд энэ вирус илрээгүй л бол викциндаа хамрагдах нь зөв юм.

 

В вирусын эсрэг вакциныг хэдэн удаа хийлгэж байж дархлаа тогтох вэ?

 

Уг вакциныг гурван удаа тарьдаг. Эхний удаа тариулснаас хойш нэг сарын дараа дараах тунг хийлгэнэ. Үүнээс хойш таван сарын дараа сүүлийн тунг тариулснаар та 15 жилийн турш энэ вирусээс айх шаардлагагүй болж байгаа юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдсанаас хойш нэг сарын дотор вакцинд хамрагдах ёстой.

15 мянган төгрөгөөр 15 жилийн эрүүл явах боломжийг олж авна гэдэг иргэнд олдож буй сайхан боломж гэж харж байгаа. Тиймээс манай хамт олны санал санаачилгыг хүлээн авч, бидэнтэй хамтран ажилласан аймгийн Эрүүл мэндийн газар, Супрессор өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье. 

2016-12-12 06:10:04