• 12 сарын 23, Даваа гараг
Харилцан ойлголцож өвөлжөхийг хүслээ
167 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянбулаг сумын Сангийн далай нэгдүгээр багийн иргэн Хөөтийн Лхагвасүрэн аймгийн Засаг даргад өвөлжөө, бэлчээрийн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсч холбогджээ. Энэ дагуу аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, Баянбулаг сумын Засаг дарга Р.Жамъяндорж нар газар дээр нь ажиллалаа.

 

 

Баянбулаг сумын Сангийн далай нэгдүгээр багийн нутаг Завхан аймгийн Отгон сумтай хил залгаа оршдог. Тус багийн иргэн Х.Лхавгасүрэн нь сүүлийн 20 жил тус багийн нутаг дэвсгэрт амьдарч, энэ хугацаандаа багийн ИНХ-ын шийдвэрээр өөрийн амьдарч буй багтаа хүргэний хамтаар хоёр өвөлжөөг өмчилж авсан боловч тус өвөлжөөнд Завхан аймгийн Отгон сумын өрх олон жилийн турш өвөлжиж байгаа аж. Газар нутгийн хилийн цэсийг нарийвчлан шалгахад тус өвөлжөө нь Баянбулаг сумын харъяа газар нутаг болох нь тогтоогджээ. Аймаг хоорондын газар нутгийн маргаан өрнөсөн учраас аймгийн Засаг даргад ханджээ. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал газар дээр нь ажиллаж, маргааныг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байна.

 

Уг маргааныг судалж үзээд аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, “Өвөлжилт эд дундаа үргэлжилж байна. Бид өвөлжилт хүндэрвэл аль аль аймгийнхаа нутаг дэвсгэрт отор нүүдэл хийх шаардлага тулгарч, энэ дагуу харилцан отор нүүдэл хийж ирсэн. Бид адилхан монгол хүмүүс учраас харилцан ойлголцох нь чухал. Мэдээж хэрэг та бүхэн өвөлжөөг эзэмших гэрчилгээтэй учраас зүй ёсны шаардлага тавих нь зөв. Гэхдээ нэгэнт нүүдэл суудал хийгээд өвөлжөөндөө буучихсан айл байгаа тул энэ өвөлдөө харилцан ойлголцоод ирэх хавраас хууль ёсны шаардлагыг хувь малчин болон Отгон сумын холбогдох албан тушаалтанд тавих болно” гэв.  Уг асуудлыг нэг мөр болгож сумынхаа иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь чухал гэдгийг сумын Засаг дарга Р.Жамъянсүрэнд хэллээ.

 

Иргэн Х.Лхагвасүрэн уг саналыг хүлээн авч, ойлголцолд хүрэхээ илэрхийлэв. Гагцхүү ирэх онд ийм байдлыг ахин гаргахгүй байх талаас шийдвэрлэж өгөхийг сумын Засаг даргад уламжлав.

 

Өвөлжөөний маргаан үүсэх гол шалтгаан нь малчдын малын тоотой шууд хамааралтай байна. Тухайлбал, тус маргаан олон малтай өрхийн мал бэлчээрийг талхлах, идэж дуусгах эрсдлийг дагуулдаг аж. Эндээс үүдэн нутгийн иргэдийн малд эрсдэл бий болдог байна. 

2016-12-16 05:39:24