• 12 сарын 23, Даваа гараг
Ц.Энхтөр тойрогтоо ажиллалаа
159 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн  ИТХ-д Бөмбөгөр сумаас сонгогдон ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр тойрогтоо ажиллалаа.

 

Тэрээр сумын Засаг дарга Н.Мөнхжаргал болон багийн Засаг дарга нартай уулзаж цаг үеийн мэдээлэлтэй нарийвчлан танилцав.

 

 

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ БАЙНА

 

Бөмбөгөр сум өнгөрсөн онд 220 мянган толгой мал тоолуулж байсан бол энэ жилийн тухайд нийт малын тоо толгой 15-20 хувь өсөх урьдчилсан дүн гарчээ. Малын тоо толгой жигд өсч байгаатай холбоотойгоор шинээр мянгат малчид олноор төрөн гарахаар байна. Тухайлбал, сумын хэмжээнд 6 мянгат малчны болзол хангасан малчин байгаа нь мал тооллгын явцад тодорхой болжээ.

 

Сүүлийн хэдэн жил цаг агаарын таатай нөхцөл малчдын малын тоо толгой өсөхөд нөлөөлсөн байна. Тус суманд хамгийн бага малтай малчин 300 ба түүнээс дээш толгой мал тоолуулжээ. Энэ нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж, өнгөрсөн онд 3.5 хувийн хэтрэлттэй байсан бэлчээрийн даац энэ жил 5 хувьд хүрэх төлөв ажигдлагджээ. Усны хомсдолоос үүдэж бэлчээрийг бүрэн ашиглаж чадахгүйд хүрчээ. Тиймээс уст цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарчээ. Гэхдээ хаана худаг ус гаргахаа нарийн судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдэхгүй бол цэвдэгтэй газар худаг гаргах нь эргээд усгүй болох эрсдлийг дагуулдаг байна. Тухайлбал, цэвдэгтэй газар гаргасан худаг нэг жилдээ хэвийн байж байгаад жилийн дараагаас ундарга нь тасардаг аж. Нөгөө талаар малчдын нутагладаг Бумбатын чиглэлд худаг, усны түвшин эрс буурчээ. Үүнийг нутгийн малчид Бумбатын уурхай газрын гүний усыг их хэмжээгээр ашиглаж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Цаашид Бөмбөгөр суманд уст цэгийг нэмж байгуулах шаардлага гарч байна. Гэвч 2017 онд улс орон даяар бий болсон эдийн засгийн хямралаас үүдэн, хязгаарлагдмал төсвөөр их ажил хийх шаардлага тулгарсан. Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн хэмжээнд цөөн тооны худаг байгуулахаар туссан тул нийт сумдын хэрэгцээ шаардлагыг судалсаны үндсэн дээр эрэмбэ тогтоож нэн шаардлагтай бүс нутагт худаг гаргахаар төлөвлөжээ. Энд Бөмбөгөр сум багтвал уст цэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой аж.

 

Энэ өвлийн тухайд цас багатай, өвөлжилт хэвийн үргэлжилж байна. Тус сумаас бусад сумдад отор нүүдэл хийсэн айл өрх одоогоор алга. Харин Галуут, Баацагаан сумдаас малчид отроор Бөмбөгөр суманд өвөлжиж байна.  Цаашид цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрэл бий болж болзошгүй учраас сум орон нутгийн зүгээс анхааралтай ажиллахын чухлыг уулзалтын үеэр онцоллоо. Суманд өөрийн гэсэн нөөц хангалтгүй ч малчид хувьдаа өвс, тэжээлийн нөөцийг чамгүй бий болгожээ. Нийтдээ 2140 тонн өвс малчдын гар дээр байгаа судалгаа гарчээ. Бөмбөгөр сумын нутагт хадлангийн талбай байхгүй учраас малчид боломжоороо гар хадлан бэлтгэж, худалдааны өвс, тэжээлийг боломжийн хэрээр авч нөөцөлсөн аж. Цаашид хямдралтай үнээр тэжээл нийлүүлбэл худалдан авах малчдын эрэлт өндөр байгаа юм.

 

ХАЛТАР АРВАЙ, УЛААН ЯМАА БӨМБӨГӨРИЙН БРЭНД БОЛНО

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Энхтөр тойрогтоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа сумын удирдлагуудад танилцууллаа.

 

Нутгийн иргэд өнөөдрийн байдлаар хувиараа өөрийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо, халтар арвай, буудай тариалж байна.  Энэ туршлагад тулгуурлан халтар арвайг Бөмбөгөр сумын брэнд болгож, тариалалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, сайн чанарын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхийн тулд газар тариалан эрхэлж буй иргэдийн гар дээрх халтар арвайн үрийн нөөцийг судалж, ирэх онд хэдэн га талбайд ямар хэмжээний үрээр тариалалт хийх, уг тариалалтын ажилд хичнээн иргэд гар бие оролцох боломжтой талаарх нарийвчилсан судалгаа гаргахыг сумын удирдлагуудаас хүслээ.

Бөмбөгөр суманд газар тариаланг хөгжүүлэх нөөц бололцоо өндөр. Цаг уурын таатай нөхцөл, өмнөх суурь бааз, газар тариалан эрхлэх туршлагатай иргэд байгаа нь энэ төрлийн аж ахуйг өргөжүүлж хөгжүүлэх бололцоог бий болгодог байна. Тухайлбал, Хунцатын улсалтын систем бүхий 80 га талбайд тариалалт хийх боломж байгаа аж. Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан газар тариаланг хөгжүүлэх бодлогын хүрээнд уг ажлыг ирэх оноос эхлэн бодит ажил болгохоор төлөвлөжээ. Энд шаардлагатай техник, хэрэгслээр хангахын тулд хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа Ц.Энхтөр илэрхийллээ.

 

Тус сумын багийн дарга нар уг сэдвийн хүрээнд тодорхой судалгааг мөн хийсэн байна. Сүүлийн жилүүдэд олон үйлдэлтэй үнийн хувьд хямд төсөр техник гарсныг сумаас сонгогдсон төлөөлөгчдөө танилцуулж байлаа. Газар хагалах, тари буудайг хураах зэрэг үйлдлийг өөртөө багтаасан тракторыг 20 орчим сая төгрөгөөр авах бололцоо бий болжээ.

 

Бөмбөгөр сумын улаан ямаа бүс нутагтаа алдартай. Тиймээс Бөмбөгөрийн улаан ямааны үүлдэр угсааг хамгаалах, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар болжээ.

 

Тус сум уг улаан ямааны омогийн батлуулж, хэдэн жилийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ ажил зогсчээ. Энд малыг ээмэгжүүлэх, цөм сүргийн бүтцийг хадгалах зэрэг ажилд эдийн засгийн хомсдол бий болж улаан ямааны удмын сан алдагдах аюул бий болжээ. Тиймээс уг ажлыг үргэлжүүлэх, ингэхдээ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон Төрийн торгон сүрэг хөтөлбөрийн хүрээнд улаан ямааг шилмэл омог, үүлдэр болгоход анхаарч ажиллах юм. Тодруулбал, цөм сүргээс эцэг малын шилмэл сүрэг бий болгож, уг эцэг малаа малчдад өгч, сүргийн бүтцийг сайжруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, улаан ямааны цөм сүргийн тоог нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах аж.

 

Өмнө нь Бөмбөгийн улаан ямааг нарийвчлан судалж мах, ноолуурын бүтэц, чанарыг тодорхойлсон байна. Хэрэв ноолуурыг нарийвчлан боловсруулж, хялгасыг нь ялгах замаар европын зах зээлд борлуулбал дотоодын үнээс даруй хоёр дахин өндөр үнээр борлуулах бололцоо байгаа гэнэ. Энэ чиглэлийн төсөл хэрэгжиж, ирэх хавраас уг ажлын эхлэхээр болжээ.

 

Одоогийн байдлаар Бөмбөгөр суманд улаан ямаатай 84 өрх байна. Энэ дунд 1984 оноос хойш эцэг, өвгөдөөсөө өвлөж улаан ямааны цөм сүргийн бүтцгийг хадгалж, өгсөн үржүүлж буй арван өрх бий гэнэ.

 

АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр тойрогтоо ажиллах хүрээндээ сумын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн хугацаанд өөрийн сумаас сонгогдсон төлөөлөгчид хаягласан 14 хүсэлт, өргөдлийг ахмадууд гаргажээ. Төлөөлөгч Ц.Энхтөр уг өргөдөл, хүсэлтийн дөрвийг газар дээр нь шийдэж, үлдсэнийг нь холбогдох байгууллага, албан тушаалтанд биечлэн хүргэж, холбогдох шийдвэр, хариуг өгчээ.

Тэрээр сумын ахмадуудад хандаж, “Аймаг орон нутгийн зүгээс ахмадын сургаал алт гэсэн зарчмыг барьж, та бүхнийхээ үнэтэй сургаал, амьдарлын туршлагыг залуу үедээ өвлүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай сумын ахмадууд надад итгэл хүлээлгэж өөрсдийн илч төлөөлөгчөөр сонгосон. Тиймээс итгэлийг зүтгэлээр хариулах нь миний үүрэг юм.

 

Ахмад үеийнхэн маань хийдгээ хийж, гавьяаны амралтаа эдэлж байгаа. Тийм ч учраас та бүхнийхээ төлөө боломжтой бүхий л ажлыг залуус бид хийх ёстой. Тиймээс сумынхаа ахмадын холбооны үйл ажиллагаанд нэмэр болгож 300 мянган төгрөгийн хандив өгч байна. Цаашид бидний зүгээс ахмадынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэв. 

 

2016-12-16 07:26:22