• 12 сарын 23, Даваа гараг
Мэндчилгээ
288 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Санхүү бүртгэл, эдийн засгийн ажилтан та бүхэндээ Монгол улсад Санхүүгийн алба үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

 

Бид энэхүү түүхэн ойг аймаг орон нутагтаа тэмдэглэн өнгөрүүлэхээр Санхүү төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн нягтлан бодогчдын Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодогчидтой хамтран ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

Энэ хүрээнд 11 дүгээр сарын 25-нд Нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн аудит, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Статистикийн хэлтэс, Орон нутгийн өмчийн алба, Даатгал, Аудитын байгууллагууд, нягтлан бодогчдынхоо дунд “Нягтлан бодох бүртгэлийг хэн сайн мэдэх вэ” тэмцээн зохион байгууллаа. Төгсөх ангийн сурагчдын дунд “Миний мэргэжил санхүүч” эссэ бичлэгийн уралдаан зарлан дүгнэлээ. Уламжлал болгон зохион явуулдаг спортын арга хэмжээгээ 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд амжилттай зохион явуулаад байна. Мөн 12 дугаар сарын 16-нд Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газраас нягтлан бодогчдынхоо дунд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар Олон улсын стандартаар сургалт зохион байгууллаа.

 

Санхүүгийн салбар, санхүүчийн ажил бол хувь хүнээс хариуцлагатай, зарчимч, сахилга бат өндөр, мэргэжлийн нарийн ур чадвартай байхыг шаарддаг учраас манай салбарынхан ажилдаа ч, амьдралдаа ч хариуцлага өндөртэй байж чаддагаараа онцлог, бахархалтай байдаг билээ.

 

Санхүү бүртгэл, эдийн засгийн нийт ажилтан та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулж буй та бидний хувь нэмэр маш өндөр. Тийм учраас цаашид хамтдаа гар нийлэн ажиллаж төрөлх нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Та бүхний үйлс бүтээл ямагт өөдлөн дэвжиж юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байх болтугай.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.БАЙГАЛМАА

2016-12-18 08:59:39