• 12 сарын 23, Даваа гараг
Мэндчилгээ
241 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрхэм хүндэт  ард иргэд ээ,
 
Он солигдох мөчийн баярын мэндийг Та бүхэнд хүргэе. 
 
Алслан одож байгаа 2016 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Бид орон нутгийн шат шатны сонгуулиа амжилттай зохион байгуулж, ард түмний сонголтоор томилогдсон аймаг, сумын Засаг дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна.
 
Миний бие аймгийн Засаг даргын хариуцлагатай ажлыг хүлээж авсан даруйдаа ард түмэнтэйгээ ойр байх бодлогыг барьж, 20 сум, суурин газарт хүрч ажиллан иргэд малчидтай уулзалт хийж тэдний санал хүсэлтийг сонслоо. Долоо хоног бүрийн дөрөв дэх өдрийг иргэд хүлээн авах өдөр болгож  хэвшлээ.
 
Иргэдийнхээ хүсэл, үнэтэй саналд тулгуурлаж  2016-2020  онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлууллаа. Мөрийн хөтөлбөр маань бүтээх чадвар өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болоход чиглэгдсэн.
 
Улирч буй он бол ард олон маань, хүн бүр дор бүрнээ өөр өөрийн хичээл зүтгэлээр эх соёл, язгуур түүхээ дээдлэн дэвжээж, олон шинэ амжилт гаргасан  олз омог дүүрэн жил боллоо.
 
Тухайлбал, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ойг төрөлх нутагт нь өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. “Нарны дуулал” дуулаачдын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж, 16 аймаг, улсын театр, чуулгын 130 гаруй уран бүтээлч оролцож, хонгор нутгийн маань авьяастнууд өнгөлж оролцсоныг дуулгахад таатай байна.
 
Малчин түмний маань уйгагүй хөдөлмөрийн үр шимээр мал сүрэг маань таван төрөлдөө өсч, түүхэндээ анх удаа дөрвөн сая 236552 толгой  хүрснийг дуулгахад таатай байна.

Эдийн засаг хэдийгээр хүндхэн байгаа ч бүтээлч иргэд та бүхний маань хүчин чармайлтаар ДНБ тогтвортой өсч, татварын орлогын төлөвлөгөөг нэр төрөл бүрт давуулан биелүүлж, татварын орлогоор 7.2 тэрбум төгрөгийн орлого оруулж, 800 сая төгрөгөөр татварын орлогыг давуулан биелүүлж 112.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан таатай мэдээг та бүхэндээ дуулгая. 

 
Хүүхэд залуус маань ч олон улс, тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, алдар нэрээ цуурайтуулж, хонгор нутгийн ирээдүй болсон багачууд дундаас дэлхийн аварга ч төрөн гарлаа.
 
Ирэх жил хөгжлийн төлөөх хөдөлмөр бүтээл өрнөсөн түүхэн хариуцлагатай жил байх болно. Он солигдохоос өмнө бид аймгийнхаа нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталлаа. Эдийн засгийн амаргүй цаг үе биднийг хүлээж байгаа ч хүнд бэрхийг хөдөлмөр бүтээлээр даван туулж, аймаг орон нутгаа хөгжүүлэн цэцэглүүлэх ёстой. Төлөвлөсөн ажил, гаргасан бодлого нэг бүрийг бодит ажил хэрэг болгож, төрөөс өгч байгаа чиглэл, цаг үеийн шаардлага гэж үзэж бүх шатандаа анхаарч ажиллах хэрэгтэй.
 
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
 
Он солигдох мөч улам ойртлоо. 20 сум, хөдөө, төв, хол ойрт амьдарч буй хонгор нутгийн түмэндээ шинэ оны халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.
 
2017 он монгол зон, Баянхонгорчууд та бидэнд аз жаргал бэлэглэсэн хамгийн сайхан жил байгаасай хэмээн хүсч байна. Хүн бүр инээд хөөртэй, хүүхэд залуус өнгөтэй, эрчүүд нь жавхаатай, бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй, өргөө хотлоороо өнгө дүүрэн, элэг бүтэн, ахмад азай буурлууд маань урт настай, удаан жаргалтай хотол олноороо хараа тэнэгэр, хийморь өөдөө байх болтугай.
 
 
 
 
Хүндэтгэсэн:
 
 
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ 
  ДАРГА   ГОНЧИГДОРЖИЙН БАТЖАРГАЛ

2016-12-28 01:40:28