• 12 сарын 23, Даваа гараг
СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАР ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНҮҮЛЭВ
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг даргын зөвлөлийн хурал  1-р сарын 11-нд хуралдаж  Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт ажлын тайланг авч хэлэлцлээ. Боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор энэ үйл ажиллагаа анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.  Энэ удаагийн сонгогдож томилогдсон Баянхонгор аймгийн удирдлагын баг нь хамтын удирдлагын зарчмыг баримталж ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ хүрээндээ аливаа асуудал бүрт хамтаар оролцож, ярилцан зөвшилцөж үнэн бодит үнэлэлт дүгнэлтийг өгөх зорилгоор боловсролын байгууллагынхныг  засаг даргын  зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд эхлэл ажил болгон багш нарын түвшин тогтоох мэргэжлийн шалгалтыг  өнгөрсөн оны сүүлээр зохион байгуулсан. Бодож байснаас энэ шалгалтын дүн тун тааруу үзүүлэлттэй гарсаныг өмнөх удаагийн хурал дээр БСУГ-ын дарга н.Мөнхбат танилцуулсан нь нийгмийн дунд нилээд анхаарал татаад авсан. Үүнээс  үүдэн дан багш нар гэлтгүй түүнийг удирдаж байгаа удирдлагын арга ажиллагааг хариуцлагажуулж сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж  Засаг даргын зөвлөлийн гишүүд үзэж байна.  Өнөөдрийн хуралдаанаар зөвлөлийн гишүүд  Боловсролын байгууллагуудын ажил байдлыг нилээд нухацтай авч хэлэлцлээ. Багш нарын  мэргэжлийн түвшинг үнэмлэхүй сайжруулах, хувиарлагдаад ирсэн төсвийг үр дүнтэй оновчтой зарцуулдаг байх, хүүхдийн хөгжилд тодорхой анхаарах,  захирлын хувьд мэргэжлийн багшаас гадна сайн менежер, сайн  эдийн засагч, сайн зохион байгуулагч, сайн аж ахуйч байх ёстой гэсэн шаардлага, саналуудыг  гаргаж байлаа.

Тухайн орон нутгийн иргэд болон сургууль цэцэрлэгт ажиллагсадаас авсан санал, байгууллага нэг бүрт хийсэн санхүү болон бусад хяналт шалгалтын суурь судалгаа, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэр хангасан байдлаар нь дүгнэлт өгч,  сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай  2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ аймгийн Засаг дарга энэ үеэр  байгуулах бөгөөд  хангалтгүй ажилласан  боловсролын байгууллагын удирдлагуудтай ч хариуцлагыг  хатуу тооцох юм байна.

Засаг дарга Г.Батжаргал НҮБ-ын хүүхэд ивээх сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенестэй уулзаж хүүхдэд ээлтэй аймаг болох 5 жилийн хугацаатай хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэхээр болсон нь  баянхонгор аймгийн хүүхэд багачуудын хөгжил оролцоо, хүмүүжлийг шинэ шатанд гаргах томоохон боломж гэдгийг мэдэгдээд, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, хөгжих боломжийг нь хангасан оновчтой ажлуудыг урьд урьдынхаас арай өөр хэлбэрээр хамтран зохион байгуулж үр дүнд хүрэх ёстойг боловсролын байгууллагын удирдлагууд, зөвлөлийн гишүүд, мэргэжлийн байгууллагуудад  анхаарууллаа.

 

 

2017-01-12 11:21:02