• 12 сарын 23, Даваа гараг
Анх удаа нэг сумаас хоёр аварга малчин төрлөө
240 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Богд сумын 1-р багийн малчин Доржийн Батсуурь, 2-р багийн малчин Өлзийгийн Сүхцэрэн нар мал аж ахуйн салбарт оруулсан хүч хөдөлмөрөө төр засгаар үнэлүүлж улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цолын эзэд боллоо.

 

Тэдний шагналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ХХААХҮЯ-ны газрын дарга Гантогоо, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарын албаны төлөөлөл хотонд нь очиж гардуулсан юм. Богд сум нь Баянхонгор аймгийн бусад сумдтай харьцуулахад уул уурхай үйл ажиллагаа явагдаагүй цөөхөн сумдын нэг. Энэ утгаараа говь, тал хээрийн энэ бүс нутаг мал сүргийн үржил шимтэй газар орон юм. Тиймээс эндээс эртнээс нааш аймаг улсын аварга малчид олноор төрөн гарсан байдаг. Тэдний залгамж халаа болж энэ удаад хоёр улсын аварга малчин арван жилийн дараа төрөн гарлаа. 2007 онд тус сумаас Б.Тогоохүү  малчин улсын сайн малчин болж байжээ. Үүнээс хойш арван жилийн дараа тус сумаас хоёр улсын аварга малчин төрж байна. Нэг сумаас хоёр аварга нэгэн зэрэг төрсөн түүх байдаггүй аж.

 

2-р багийн малчин Өлзийгийн Сүхцэрэн сүүлийн 49 жил мал аж ахуйн салбарт тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд 1972 онд “Төл бойжилтын аварга” цолоор шагнагдаж байсан. Мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулахад анхаарч бог малаа Баяд, Үзэмчин үүлдрийн хуц, Залаа-Идрэнгийн цагаан үүлдрийн ухнаар, бод малаа Гал шар, Дорнодын адуугаар, үхэр сүргээ Алатау үүлдрээр, тэмээн сүргийг Галбын говь, Ханийн хэцийн хүрэнгээр тус тус сайжруулж байна. Нутаг усныхаа малчидтай нийлэн “Гурван гол” малчны бүлэг байгуулан байгалиа хамгаалах, нэн ховор Чихэр өвсийг хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, тэжээл бэлтгэх, хашаа хороо барих засах, худаг ус гаргах ажлыг хамтын хүчээр гүйцэтгэж байна. хүүхдийн цэцэрлэг, сум дундын хүн эмнэлэг, сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хэрэгцээнд мах цагаан идээ нийлүүлж, сумын 90 жилийн ой, багийн иргэдийн дундын сан зэрэг олон нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд тасралтгүй хандив тусламж өгч иржээ.

Богд сумын 1-р багийн малчин Доржийн Батсуурь 1992 онд мал хувьчилагдах  үед мал дээр гарч мал аж ахуйн салбарт сүүлийн 24 жил тасралтгүй ажиллаж байна. Татвар, нийгэм, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын зэрэгцээ мал сүргээ малын даатгал, мал эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулдаг байна. 2000 оны зуднаар их хэмжээний хохирол амсч, тэндээсээ туршлагажин мал аж ахуйн хагас бэчээрийн болгоход анхаарч иржээ. Үүний үр дүнд эднийх хөдөөгийн алс буйдад дулаан байшин, хашаа хороотой, төв суурингийн айл шиг аятай тухтай амьдарч байна.  Тухайлбал 400-600 малын багтаамжтай хашаа хороо,  үхэр, адууны байр, 200 төлийн багтаамжтай дулаан байр-2, 25 тн-ы багтаамж бүхий тэжээлийн агуулах зэргийг барьж өөрсдийн хүчээр гар худаг гарган 16 га талбай бэлчээрийг хамгаалан нөөц бэлчээр бий болгох, хашаалсан талбайдаа мод, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалсан байна. Хэнтий, Дорнод аймгаас хурдан угшилын азарга, гүү, Увс аймгийн Баяд үүлдрийн хуц, Залаа-Идрэнгийн цагаан омгийн ухна, семинтал үүлдрийн мах сүүний чиглэлийн бух зэргийг худалдан авч сүргийнхээ чанарыг сайжруулсан. Залуу малчдад мал маллах арга туршлагаасаа сурган 2 шавь малчинтай болжээ.

 

Батсуурь гуай эхээс 12 уул бөгөөд бүгд эрүүл саруул, улс нийгэмдээ хөдөлмөрлөж байна. Түүний ээж 93 настай буурал тав дахь үеэ үзэж буй тахиа жилийн сар шинийн босгон дээр ийнхүү үр хүүхдийнхээ амжилтаар бахархаж сууна.   

2017-02-23 11:52:00