• 01 сарын 04, Бямба гараг
Г.Батжаргал Баялаг Өлзий ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
250 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2016 оны Баянхонгор аймгийн арван шилдэг татвар төлөгч байгууллагын нэгээр шалгарсан "Баялаг Өлзий” ХХК-ийн захирал Ж.Өлзийбодьжавд шилдэг татвар төлөгчийн өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардуулж өглөө.

 

Мөн тэрээр тус компанийн үйл ажиллагаатай энэ үеэр танилцлаа.

 

Эднийх Bodio’s cashmere  хөөвөр, ноолууран бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж буй ноос ноолууран бүтээгдэхүүний үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг юм. Нийтдээ 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж буй тус компани Говь, Гоёо, Буян зэрэг томоохон үндэсний үйлдвэрлэгчидтэй аль хэдийнэ эн зэрэгцсэн байна. Нийт ажиллагсадын дийлэнх нь Баянхонгор аймгийн иргэд байдаг аж. Тэд өнгөрөгч онд 100 сая төгрөгийн татварыг аймгийн төсөвт төвлөрүүлжээ.

 

Нэг хэсэг үнэгүйдээд байсан сарлагийн хөөврийг тэд үнэд хүргэж, дэлхийн ноосон эдлэлийн зах зээлд гаргаж чадсанаараа онцлог. Сарлагын хөөврийг байгалийн унаган өнгөөр нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог байна. Хөөвөр нь ноолуураас дутахааргүй зөөлөн дулаанаас гадна, байгалийн өнгөөр нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодогоороо олны таашаалд нийцдэг байна.

 

Баянхонгор аймгийн төвд 20 ажилчин бүхий сүлжмэлийн цехийн салбарыг ажиллуулж байна. Уг цехийг цаашид өргөтгөж, үйлдвэрийн хэмжээнд аваачих зорилгыг тавьжээ. Өнгөрсөн онд тус компани дотоодын болон гадны зах зээлд нийтдээ 40 орчим мянган ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалжээ.

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус хамт олны ажилд амжилт хүсээд цаашид ажлын байрыг орон нутагт нэмэгдүүлэх, Баянхонгорын малын ноос ноолуурын үнэлгээг өсгөх чиглэлд гаргаж буй амжилтаа улам батжуулахын чухлыг онцлон тэмдэглэлээ. 

 

2017-03-17 04:26:26