• 12 сарын 23, Даваа гараг
Баянхонгор аймгийн уул уурхайн зөвлөгөөн эхэллээ
238 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн уул уурхайн зөвлөгөөн эхэллээ. Энэ удаагийн зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, салбарын яамдын төлөөлөл, Баянхонгор аймагт хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж буй ААН, бичил уурхайчид оролцож байна. Тухайлбал УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Баянхангай, АМГТ-ны газрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир нарын албаны төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний хүрээнд аймгийн салбар салбарын удирдлагууд уул уурайн салбартай холбоотой тулгамдсан асуудал, өнөөгийн байдлаар мэдээлэл өгөх юм. Зөвлөгөөний хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 20, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 15 ААН-ын төлөөлөл оролцож байна. 

 

Зөвлөгөөний эхэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлд Нэг уурхай-Нэг үйлдвэр гэсэн зорилтыг дэвшүүлснийг онцлоод ХАА-н салбарын өнөөгийн байдал малчдын амьдралын түвшинг сайжруулахад хангалтгүй байна. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг шинээр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг хэллээ. Энд тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүрэг оролцооны чухлыг онцлон тэмдэглэлээ.

 

Тиймээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын болон хайгуулын лицензтэй уурхайнууд орон нутгийн үйл ажиллагааг дэмжиж, эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлж ирсэнд талархалтай хандаж ирснээ илэрхийлэв.

 

Баянхонгор аймаг уул уурхайн талаар ямар бодлого баримтлах талаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал танилцууллаа.

 

Монгол Улсын Засгийн газраас баталсан АЛТ-2 төсөл хэрэгжих шатандаа явж буй цаг үед 2016 оны шат шатны сонгуулийн үр дүнгээр бий болсон орон нутгийн удирдлагууд өөрсдийн уул уурхайн талаар баримтлах бодлогоо танилцуулж байгаагаараа онцлог.

 

1991 оны 304 дүгээр тогтоолооор батлагдсан АЛТ хөтөлбөрийн хүрээнд алтны олборлолт нэмэгдэж тухайн үеийн эдийн засгийн хямралыг давахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаад ч мөн эдийн засгийн хямралыг даван туулах, аймаг орон нутгийг хөгжлийн нэг шатаар ахиулахад уул уурхайн үйл ажиллагаа чухал юм.

 

Хэдийгээр алт олборлолт эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн ч далд эдийн засаг бий болох, байгаль орчинд халтай зэрэг сөрөг нөлөө бий. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ чиглэлийн сөрөг үр дагавар гаргахгүй байх дээр анхаарч ажиллах болно. Аймаг орон нутгаас тавьж буй тодорхой шаардлагыг биелүүлээгүй, хангаагүй нэг ч компани Баянхонгор аймагт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг мэдэгдэж байна гэв.

 

2017 оны гуравдугаар сарын байдлаар 15 суманд 75 ААН-ын 99 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь манай аймгийн нийт нутгийн 4,2 хувийг эзэлж байна. 2016 онд 12 ААН хайгуулын үйл ажиллагааг албан ёсоор бүртгүүлж явуулсан бол бусад нь тодорхойгүй байна. Энд сумдын удирдлагууд тухайн сумын нутаг дэвсгэрт хайгуулын лиценз бүхий ААН-ыг хайгуул хийсэн мэтээр тодорхойлолт гаргасан тохиолдол байгаа юм. Тиймээс хариуцлагагүй ажиллаж байгаа сумдын удирдлагуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

 

Зөвлөгөөн УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Баянхангай, АМГТ-ны газрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир нарын илтгэлээр үргэлжилнэ.

 

2017-03-20 02:21:52