• 12 сарын 23, Даваа гараг
Статистикийн мэдээллийг бүрдүүлэх хамгийн чухал нэгж нь баг
317 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн багийн засаг дарга,сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт  боллоо. Сургалтанд Үндсэний статистикийн газрын Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Батсүх, Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Батсүх нарын албаны төлөөлөл, 20 сумын 104 багийн Засаг дарга, сумдын статистикын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.

 

Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Багийн дарга гэдэг анхан шатны нэгжид хүрч, тэдний талаарх хамгийн бодитой мэдээллийг судалж, гаргадаг маш чухал алба. Тиймээс та бүхэнд энэ удаагийн сургалт өндөр ач холбогдолтой. Миний бие энэ дөрвөн жилийн хугацаанд төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээж ажиллаж буй та бүхэнтэй ямар нэгэн улс төрийн өнцөг гаргахгүйгээр цэвэр ажлын төлөө, төрийн үйл ажиллагааг чанаржуулж, иргэн нэг бүрт хүртээмжтэй үр өгөөжтэй байхад анхаарч ажиллах болно. Тиймээс та бүхэн өөрийн хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй байж, иргэдийнхээ эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай” гэдгийг онцоллоо.

Тэд энэ удаагийн сургалтаар статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг, хүн ам, өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, эдийн засгийн салбарын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал, өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал, статистикийн мэдээллийг ашиглах зэрэг сэдвийн хүрээнд мэргэжтний сургалтад хамрагдах юм.

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баянхонгор аймгийн 114 багийн дарга нарын 60 гаруй хувь нь шинээр сонгогджээ. Тиймээс анхан шатны нэгжийн статистикийн мэдээ мэдээллийг чанаржуулах, бодитой болгоход энэ удаагийн сургалт өндөр үр дүнтэй гэдгийг албаныхан онцолж байна.

Энэ удаагийн сургалт нь Баянхонгор аймгийн багийн Засаг дарга нар нэг дор цугларсан анхны уулзалт юм. 

2017-04-13 03:21:03