• 12 сарын 23, Даваа гараг
Багийн дарга нарын шатахууны зардлыг хоёр дахин нэмэгдүүлнэ
203 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг 20 сумын 104 багтай. Эдгээр багт төрийн үйл ажиллагааг хүргэж буй багийн дарга нарын 60 хувь нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр шинэчлэгджээ. Тиймээс аймгийн ЗДТГ-аас багийн дарга нарыг чадавхижуулах, төрийн үйл ажиллагааг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чанартай байдлаар хүргэдэг болгох үүднээс нэг өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтад бүх багийн дарга нар хамрагдаж, холбогдох хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх, багийн даргын эрх, үүргийн талаарх нэгдсэн ойлголтыг авч байгаагаараа онцлог юм. Өдгөө багийн үйл ажиллагаа ямар түвшинд байгааг ойлгохын тулд бодитой тулгараад буй хэд хэдэн нөхцөл шалтгааныг тодруулах шаардлага бий. Тухайлбал, багийн дарга нар хэвийн ажиллагаатай компьютергүй, төрийн үйлчилгээг хүргэх унаагүй, зарцуулах эрхтэй шатахууны хэмжээ хүрэлцдэггүй гээд олон бэрхшээл байгаа юм.

Багийн дарга нарын чадавхижуулах сургалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож байна. Тэрээр багийн дарга нарын өмнө тулгамдсан дээрх асуудалд бодитой шийдэл бий болгож, асуудлыг газар дээр нь шийдлээ. Нэг сарын шатахууны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсныг хэллээ. Багийн дарга нарын нэг сарын шатахууны хэмжээ 10 литр байдаг байна. Энэ нь тухайн багт явж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байсаар иржээ. Засаг даргын дээрх шийдвэр хэрэгжиж эхэлснээр багийн дарга нарын сарын шатахууны хэмжээ 20 литр болох юм. Мөн Жаргалант сумын зарим багаас бусад багт албаны мотоцикль, унаа тэрэг байдаггүй. Тиймээс энэ онд 40 багийг унаажуулахаар боллоо. 2018 онд бүх багийг төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжоор хангаж, унаажуулахаа аймгийн Засаг дарга илэрхийлэв. Мөн хөдөө гандаж, хөдөө хөхөрч, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж буй багийн Засаг дарга нарт томилолтын асуудал хүнд байдаг аж. Тиймээс үнэхээр иргэдийнхээ төлөө, албан ажлаар явах шаардлагатай бол томилолтыг тогтмол олгодог байхыг аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болголоо.

 

Баг төр, иргэн хоёрын гүүр, анхан шатны хамгийн чухал нэгж. Тиймээс багийн үйл ажиллагаа чанартай байснаар төрийн зүгээс иргэдэд чиглэсэн оновчтой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Энэ жил аймаг бодлогоор иргэн нэг бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна. Ингэхдээ үзлэгээс санаатайгаар зугатсан иргэдэд хариуцлага хүлээлгэж, заавал хамруулах бодлого барьж байгаа юм. Энд багийн дарга нарын үүрэг оролцоо туйлын чухлыг суртгалын үеэр онцлон тэмдэглэлээ. 

2017-04-15 04:46:13