• 12 сарын 23, Даваа гараг
МОДООР ХИЙСЭН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ОНЦЛОВ
169 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Усын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ы нээлт өнөөдөр боллоо. Чуулганд Баянхонгор аймгийн Засаг дарган орлогч Б.Батсуурь, БОАЖГ-ын дарга Бат-Өлзий, тус газрын мэргэжилтэн Э.Өнөрзаяа, БХННХ-ны Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Г.Батнасан, тус нөхөрлөлийн гишүүн 20 сумын нөхөрлөлийн гишүүд, сумдын Засаг дарга нар оролцож байна.


Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НҮБ-ын ХАА-н байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кевин Д.Галлахер, Нөхөрлөлүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Гансэлэм нар оролцлоо.Чуулганы эхний өдөр буюу өнөөдөр 21 аймгийн нөхөрлөлүүд ойн унанга, хаягдал нөөцийг ашиглаж хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж байна.  Баянхонгор аймгийн нөхөрлөлүүдийн гаргасан үзэсгэлэнгээс модоор хийсэн цагийг зохион байгуулагчид онцолж, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарууллаа.

 

Дэлхий нийт эко, байгальд ээлтэй үйлдвэрэлийг дэмжиж, энэ чиглэлд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулах болжээ. Нөгөө талаар дэлхийн цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахыг хатуу сануулах болж, улс орнууд энэ чиглэлд ихээхэн анхаарах болсон. Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улс тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн оролцоотойгоор гүйцэтгэх ёстой гэж үзжээ. Тиймээс нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг чадавхижуулах, амжилттай байлгахад энэ удаагийн чуулганы үүрэг өндөр юм.

Нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль хамгаалах асуудлыг өмнө нь төр дангаараа хариуцдаг байсан бол одоо байгалийн нөөцийн хамтын менежмент бий болсноор Орчны бүсийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, усны сав газрын захиргаа, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж зэрэг иргэдийн төлөөлөл бүхий байгууллага, байгалийн нөөцийн асуудлаар санал бодлоо хэлдэг, шийдвэр гаргахад оролцдог болж, зарим тухайлсан газар нутагт менежмент хийдэг болсон.” Гэдгийг онцолсон юм.

Улсын хэмжээнд нийт 1,629 нөхөрлөл, 1,200 гаруй байгаль орчны ТББ, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа  ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд байгаль хамгаалах 81 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг бол БХННХ ТББ-ын Баянхонгор аймаг дахь салбарт 42 нөхөрлөл харъяалагдан үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Чуулганы хоёр дахь өдөр буюу маргааш Төрийн ордонд 21 аймгийн нөхөрлөлийн төлөөлөл бодлого боловсруулж, шийдвэр гаргачидтай бүтэн өдөр чуулна. 

2017-04-20 08:15:40