• 12 сарын 23, Даваа гараг
Өмнөх жилийн тарьсан суулгацын ургалт 80 хувьтай байна
185 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна.

 

Мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсан байдаг.

 

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллага, ААН, иргэд өмнө нь тарьсан модоо арчилах, шинээр мод тарих ажлыг өрнүүллээ.

 

Баянхонгор хот элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст 20 гаруй мянган зургаан төрлийг модыг тариад байсан. Байгууллага, ААН-үүдэд газрыг хэсэгчлэн хариуцуулж, тухайн талбайнхаа модыг тэд өөрсдийн хүчээр арчилж ургуулж байгаа юм.

 

Гурав дахь жилдээ ургаж буй модны ургалт 80 хувьтай байна. Тиймээс энэ жил үхэжсэн хэсэгт шинээр суулгац суулгаж, хашаа хайсыг сэргээх ажлыг зохион байгууллаа. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хамт олон нийтдээ 600 орчим суулгацыг суулгаж байсан бол энэ жилийн ургалт 95 хувьтай байгаа юм. Тэд тариалалтын талбайн хог хаягдлыг цэвэрлэж, үхэжсэн талбайд нэмэлт тариалалт хийж, модоо усаллаа. 

Модыг суулгаад орхих биш түүнийг арчилах, байгальдаа дасан зохицож бие даан ургах хүртэл нь харж хандах ажил чухал байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

 

Нөгөө талаар иргэдийн мод тарих идэвхи, сонирхол нэмэгдэж түүний ач тусын талаарх ойлголтын хүрээ ч өссөн байгаа нь харагдаж байлаа. Мод тарих нь нэг насны буян гэж монголчууд ярьдаг. Хайлаас 23 кг, Бургас 38 кг, Улиас 34 кг, Шар хуайс 0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж байдаг. 1 м/кв зүлэг 200 г усыг өдөрт ууршуулж агаарыг чийгүүлж, цэвэрүүлж өгдөг байна. 

2017-05-13 06:37:25