• 12 сарын 23, Даваа гараг
Аймгийн төвийн “Одхон” хоёрдугаар цэцэрлэгийн барилгад их засвар хийнэ
238 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын “Одхон” хоёрдугаар цэцэрлэгийн барилга мөөгөнцөртөж, нурахад бэлэн байдалтай болоод байна.

 

Уг цэцэрлгийн барилгын нөхцөл байдалтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалангомбо, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь танилцаж, 2017-2018 оны хичээлийн жил эхлэхээс өмнө их засвар оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийжээ.

 

Тус цэцэрлэгийн барилга нь 1982 онд ашиглалтад орсон. 90 хүүхдийн багтаамжтай баригдаж байсан бол өнөөдрийн байдлаар 190 хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжиж байна.

 

Цэцэрлэгийн барилгын дээвэр суулт өгч, нурах эрсдэлтэй болсон, зарим ханын хэсгээр нуралт өгч, дан тоосгон дээр тогтож байна. Дотор талын зарим анги, гал тогооны тааз мөөгөнцөртжээ. Тиймээс аймгийн МХГ, Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зарим ангийн үйл ажиллагааг хааж, гал тоог гадагш гарган, гэрт ажиллуулж байна.

 

2010 оноос эхлэн цэцэрлэгийн барилгын ажил сөхөгдөж, 2012 оноос их засвар оруулах ажлыг хөөцөлдсөн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй нөхцөл байдал улам дорджээ.

 

Цэцэрлэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад бага бүлгийг гаргаж, түрээсийн байранд хичээллүүлэх арга хэмжээ авсан байна. Эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр бага бүлэг цайны газрын зориулалттай байранд өдрийн 10 мянган төгрөгийн түрээсээр үйл ажиллагаа явуулах болжээ. Тус бага бүлгийн долоон хүүхдийг мөөгөнцрийн шинжилгээнд хамруулахад тэдний тавд нь мөөгөнцрийн нян илэрчээ. Цаашид цэцэрлэгийн бүх хүүхэд, ажилтан, алба хаагчдыг мөөгөнцрийн шинжилгээнд хамруулах шаардлага байгаа юм.

 

Үүний цаана тус цэцэрлэгийн 150 орчим хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчны асуудал хүнд хэвээр үлдэж байна.

 

Нөхцөл байдал хүнд байгаа учраас тус цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүд их засварын ажил хийгдэхийг тэсэн ядан хүлээж сууна.

 

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Баясгалангомбоос тодруулахад зураг төслийг хийгдсэний дараагаар их завсар хийхэд шаардлага хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, шинэ хичээлийн жилээс өмнө чанар, стандарт хангасан барилгатай болгохыг зорьж байна гэлээ. 

2017-05-15 09:06:14