• 12 сарын 23, Даваа гараг
ДУУТАЙ ХУРУУГ ЮНЕСКО-д СОЁЛЫН БИЕТ БУС ӨВӨӨР БҮРТГҮҮЛНЭ
231 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 04-р сарын 18-ний өдрийн хуралдаанаар Эрдэнэцогт, Баян-Овоо сумын ард иргэдийн  дунд үе дамжин уламжлагдаж ирсэн “Дуутай хуруу” хэмээх уламжлалт наадгайг НҮБ-ын “Юнеско”-ийн соёлын биет бус өвд бүртгүүлэхээр ажлын хэсэг байгуулах тогтоол гаргажээ. Тус тогтоолын хүрээнд ЗДТГ-ын НБХэлтэс, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ард иргэд дуутай хурууны наадгайг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж олон нийтэд сурталчиллаа.

Эрдэнэцогт сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү үндэсний уламжлалт наадгайг залуу үеийнхэндээ өвлүүлж үлдээх зорилгоор жил бүр дуутай хурууны наадгайг зохион байгуулдаг байна. Дуутай хуруу нь сэтгэн бодох гүйлгээ ухааныг сайжруулах, сонсох мэдэрхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод хэллэг түргэн болгох, хурц ухаан овсгоо сүйхээнд сургадаг зэрэг олон онцлог давуу талтай. Дуутай хуруу үндэсний уламжлалт наадгайны тэмцээнд тус сумын ахмад буурал, залуучуудын төлөөлөл болсон 40 иргэн оролцож сонор мэдэрхүй, сэтгэхүйн хурд, авхаалж самбаагаа сорьсон ба тус тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр үг хэлж наадгайг эхлүүллээ.

 

Дуутай хуруугаар наадахдаа Нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдагаараа дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм.

Эрдэнэцогт суманд энэ удаад зохион байгуулагдсан дуутай хурууны наадгайнд Б.Баттулга түрүүлсэн бол өндөр настан Ш.Равжаа удаалж С.Дагвадорж, Д.Батсайхан нар тусгай байр эзэллээ.Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн нутгийн энэ мартагдах дөхөж байгаа соёлын биет бус өвийг хойч үе,  хүүхэд залуучууддаа өвлүүлэх, улмаар нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлэх үүднээс баталгаажуулан соёлын өвд бүртгүүлэхээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар томилогдсон ажлын хэсгийхэн ажилдаа ороод байна.

 

2017-05-22 13:13:09