• 12 сарын 23, Даваа гараг
ЭМГЭНЭЛ
304 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бидний хайрт ах, шилдэг мэргэжилтэн, манлайлагч удирдагч, төрийн жинхэнэ албан хаагч Чимэд овогтой Очирбат нь өвчний учраас 2017 оны 05 дугаар сарын 30-нд таалал төгсч, гэр бүл, ахан дүүс, эрхэм журмын нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз,  уй гашуу тохиолоо.

 

Тэрээр 1957 онд Заг суманд төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Ч.Очирбат нь бага, дунд сургууль төгсч, 1977 онд Дундговь аймгийн ХАА-н техникум, 1988 онд ЗХУ-д Дорнод Сибирийн Соёлын дээд сургууль, 2006 онд Удирдлагын Академийн Нийгмийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Соёлын арга зүйч мэргэжилтэй. Нийгмийн ухааны мэргэшсэн менежер.Улсад 33 жил ажилласан ахмад төрийн албан хаагч байсан билээ.

 

            Ч.Очирбат 1977-1979 онд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтэст ахлах мэргэжилтэн, 1979-1982 онд Ардын цэргийн алба хааж, 1988-1989 онд аймгийн ХДТ-ын дарга, 1989-1993 онд аймгийн ҮЭ-ийн Зөвлөлд Соёл, олон түмний хэлтсийн эрхлэгч, 1993 онд Монгол улсын Соёлын яаманд мэргэжилтэн, 1993-1998 онд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт Боловсон хүчний хэлтсийн эрхлэгч, 1998-2006 онд аймгийн Хөгжимт драмын театрын дарга, 2006 оноос одоо хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын соёл, спорт, аялал жуулчлалын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.

 

            Ч.Очирбатын хөдөлмөрийн амжилтыг үнэлж Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан байна.

 

Ч.Очирбат нь хамт олондоо нэр хүндтэй, зарчимч, хүнлэг сэтгэлтэй, удирдах арга барилыг сайн эзэмшсэн, үнэнч шударга, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, залуу боловсон хүчнийг дэмжиж туслахад санаачилгатай ажилладаг манай тэргүүний удирдах ажилтны нэг байсан.

 

Талийгаачийн эгэл даруу, нөхөрсөг, тууштай зан чанар бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Ум сайн амгалан болтугай.

2017-05-31 01:08:47