• 12 сарын 23, Даваа гараг
техникийн буюу хяналтын тооллогыг нийт хэсгийн 50 хувьд хийнэ
137 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Энэ сарын 20-ны байдлаар Улсын бүртгэлийн газраас авсан сонгогчийн нэрсийн жагсаалтаар аймгийн хэмжээнд 54687 сонгогч эцсийн байдлаар бүртгэгджээ.

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн хорооноос дөрвөн чиглэл гаргаж мэдээлэл технологийн даамлын хамтаар сонгуулийн хорооны гишүүд чиглэл тус бүрт хүргэж шаардлагатай зааварчилгааг өгсөн байна.

Аймгийн хэмжээнд 54757 саналын хуудас ирж, сонгуулийн хороо, санал авах байруудад хуваарилагдан хүргэгджээ. УИХ-ын сонгуулийн үеэр 65 хувиар тооцож хэвлэсэн саналын хуудас хүрэлцэхгүй маргаан дагуулж байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулиар саналын хуудсыг хангалттай байдлаар хэвлэж, нөөцтэй байхаар тооцож тараажээ. Сум бүрт долоон саналын хуудсыг нэрсийн жагсаалт дээр нэмж нөөцөөр олгосон байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ үйл ажиллагаа оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ. Аймгийн хэмжээнд 1732 сонгогч  зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдэд энгийн дүгнэлттэй, санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй иргэд, дайчилгааны тухай хуулийн дагуу бусад газар дайчлагдан ажиллаж байгаа иргэд, мөн таслан сэргийлэгдэх арга хэмжээ авагдаж, урьдчилан хорих төвд хоригдож байгаа болон өөрийн харьяа газраас өөр газар сонгуулийн үйл ажиллагаанд ажиллаж буй иргэдийн саналыг тус тус зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авга байна.

Баянхонгор аймагт ажиллаж буй намуудын ажиглагчдын тоо эцэслэн гаргсан байна. Холбогдох хуулийн хүрээнд нэг санал авах байранд дөрөв хүртэлх ажиглагч байхаар хуулчилсан байдаг. Энэ дагуу МАН-аас 347, АН-аас 370, МАХН-аас 100 ажиглагч тус бүр ажиллуулахаар хүсэлтээ ирүүлж, үнэмлэхээ авчээ. Нийтдээ аймгийн хэмжээнд улс төрийн намуудын 817 хүн ажиглагчаар ажиллана гэсэн үг юм.

Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогч, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн 50 хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгахаар болсон. Өмнөх сонгуулиар техникийн буюу хяналтын тооллогыг 50 хүртэлх хувьд хийж байсан бол энэ удаад 50 хувьд хийнэ гэж зааснаараа онцлог болж байна.

Сонгуулийн үйл ажиллагааг саадгүй, ямар нэгэн доголдолгүй явуулахад анхаарч бүх хэсгийн хороодод цахилгааны болон галын аюул, саатал учруулахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг аймгийн Сонгуулийн хорооноос бүх хэсгийн хороодод үүрэг болгожээ.

Энэ удаагийн сонгуулийг үнэн зөв, шударга, элдэв маргаан зөрчилгүй явуулах үүднээс Сонгуулийн Ерөнхий хороо уриалга гаргасныг Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Дашцэрэн танилцууллаа.

Тус уриалгад “Иргэдийн хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ. Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогч, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн 50 хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана. Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд байдаг. Тиймээс СЕХ хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна. Мөн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.

 

 

2017-06-25 04:42:51