• 12 сарын 23, Даваа гараг
Аймгийн Засаг дарга Азийн аваргууддаа баяр хүргэлээ
222 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Өсвөрийн Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн баг тамирчдаа хүлээн авч, баяр хүргэлээ.

Тайландын Бангког хотноо болсон өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй төрөлд Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн 56 кг-д алт, Б.Хонгорзул 52 кг-д мөнгө, Т.Цээням 46 кг-д мөнгө, эрэгтэй барилдаанд Э.Бямбадорж 63 кг-д мөнгө, Э.Батмагнай 85 кг-д шагналт тавдугаар байрыг тус тус эзэлж, багийн дүнгээр манай эмэгтэй тамирчид гуравдугаар байрт орсон амжилт үзүүлжээ.

Эдгээр тамирчид дээр Э.Буман-Аюуш нэмэгдэж, нийт зургаан тамирчин ирэх зургаан сард болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг зорихоор болж байна.

Азийн болон дэлхийн аваргад явах тамирчдын зардал 27,6 сая төгрөгийг аймгийн Засаг дарга шийдвэрлэжээ. Тамирчдын хоол, байрны мөнгө 10 гаруй сая төгрөгийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг энэ үеэр аймгийн Чөлөөт бөхийн холбооны тэргүүн О.Тойвгоо хэлж байлаа.

Баянхонгор аймгийн Чөлөөт бөхийн холбоо 2010 онд үүсгэн байгуулагдаж, 2011 оноос эхлэн хүүхэд, залуучуудыг тус спортоор тасралтгүй хичээллүүлж эхэлжээ. Дасгалжуулагчаар БТСГ, Байдрагийн хүчтэн клубын дасгалжуулагч С.Мөнхдуулдах ажиллаж, спортод элэгтэй олон хүний сэтгэл, тамирчдын хөлс хүчээр ийнхүү тив дэлхийд данстай тамирчид төрөн гарчээ.

Уулзалтын эхэнд дасгалжуулагч С.Мөнхдуулдах, “Тамирчдын амжилтад дан ганц дасгалжуулагч, тамирчны хөлс хангалтгүй. Тиймээс их спортод элэгтэй хандаж, тив, дэлхийн тамирчдыг төрөхөд санхүүгийн дэмжлэгийг тогтмол үзүүлж ирсэн аймгийн Засаг даргад хувиасаа болон тамирчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье” гэдгийг хэллээ.

Харин аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Бидний та бүхэнд зориулсан хөрөнгө оруулалт нүдээ олсныг та бүхэн баталлаа. Цаашдаа амжилтаа ахиулж, аймаг, сумынхаа нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Та бидний өмнө 2020 оны олимп хүлээж байна. Энд манай баг, тамирчид төрийн далбаагаа мандуулна гэдэгт итгэлтэй байна” гээд баг, тамирчдад удахгүй оролцох дэлхийн аваргад өндөр амжилт гаргахыг хүслээ.

Энэ жилийн өсвөрийн Азийн аваргад 24 улсын баг тамирчид өрсөлдсөн байна. Уг тэмцээн нь 9 дүгээр сард Грекийн Афин хотноо болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьд болж дэлхийн аваргын гол өрсөлдөөний өнгийг тодорхойллоо.

2017-08-08 08:18:05