• 12 сарын 23, Даваа гараг
УИХ-ЫН ГИШҮҮД, АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
191 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасны дагуу Монгол Улсын төрийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежуудад бакалаврын  боловсрол эзэмших өдрийн  ангид  анх удаа элсэн суралцаж байгаа   Баянхонгор аймагт байнга оршин суух хаягтай иргэнд оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгох журамыг та бүхэнд хүргэж байна.

Тэтгэлгийг  Баянхонгор аймгаас УИХ-д  сонгогдсон  гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын санаачилгаар орон нутгийн өмчит ”Корундгео” ХХК-ний  санхүүжилтээр  жил бүр  шалгаруулан олгох аж.

 

Орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд  хөшүүрэг болох,   амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг  урамшуулах, дэмжихид уг тэтгэлгийн зорилго оршиж байна.

 

Тэтгэлгийг аймгийн Засаг даргын  захирамжаар баталсан жагсаалтад багтсан их дээд сургууль, коллежуудад мөн захирамжаар баталсан орон нутагт нэн  чухал шаардлагатай мэргэжлийн  жагсаалтад  тусгагдсан мэргэжлээр суралцах эрх авсан  Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын  2016 оны 9 дүгээр сарын 29-ний  өдрийн А/08 тоот тушаалаар баталсан амьжиргааны  түвшингээр  502, 567 онооноос доош оноотой өрхийн дараах шалгуурыг хангасан  оюутнуудад олгоно.

 

Энэхүү тэтгэлгийг 2017-2021 оныг хүртэлх хугацаанд олгох гэнэ. Цаашид үргэлжлүүлэх эсэхийг санаачлагчид хөрөнгө оруулагч талтай хамтран шийдвэрлэхээр болжээ.

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оюутнуудын материалыг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны,  удирдлагын хэлтсийн Хүний нөөц, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авч, 8 дугаар сарын 25-ны дотор ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дүнг зарлахаар байна.

2.

Тэтгэлэг хүссэн оюутан

-Монгол Улсын  их дээд сургуулийн бакалаврын ангид анх удаа, өдрийн ангид  элссэн байх

-Элсэлтийн  Ерөнхий  Шалгалтад   дундаж   оноо  600-аас  дээш  авч,  орон нутагт чухал шаардлагатай мэргэжлийн чиглэлээр журмын шаардлага хангасан сургуульд элссэн  байх

-Суралцах мэргэжлийнхээ онцлог өнөөгийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох чадвартай байх шаардлагатай.

 Мөн Ерөнхий боловсролын сургуулийг “А” үнэлгээтэй төгссөн оюутанд сургалтын төлбөрийг 100 хувь олгох бол гурван хүүхэд нь зэрэг оюутнаар суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд  оюутны  сургалтын төлбөрийг амьжиргааны баталгаажих  түвшинг  харгалзахгүйгээр  100  хувь  олгохоор болжээ.

 

Шаардлагыг хангасан, тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн бусад хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгссөн үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор байр эзлүүлэн, тухайн жилд хуваарилагдсан санхүүжилтэд багтаан сургалтын төлбөрийн 50-70 хувьд нь тэтгэлэг олгох юм.

 

Хэрэв тэтгэлэгт хамрагсдсан бол дараах шаардлагыг танд тавих аж.

-Тэтгэлэгт хамрагдагч нь  чадварлаг  мэргэжилтэн  болохын  тулд  авьяас, мэдлэг, чадвараа  дайчлан  суралцдаг байх

-.Бүтээлчээр  бие  даан  суралцах  чадвар  эзэмшихэд анхаарч, сурах мэдэхийн төлөө эрэл хайлт байнга хийдэг байх;

- Өөрийн сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой, цаашид тогтвортой ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байх

- Олон  нийтийн  ажилд  идэвх  санаачилгатай оролцож  бусдыг  манлайлдаг байх

 

Дээрх нөхцөл шаардлагыг хангасан гэж үзсэн тэтгэлэг хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэх ёстой.

-Тэтгэлэгт хамрагдахыг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан  өргөдөл /гараар бичсэн байх/

-Элссэн их, дээд сургууль, коллежид сурах эрхийн бичгийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хувь

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарыг  нотариатаар  баталгаажуулсан хувь.

-Иргэний үнэмлэхний нотариатаар  баталгаажуулсан  хувь.

3.

- Багийн Засаг даргын тодорхойлолт.

Тэтгэлэгт хамрагдагч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай  гэрээ байгуулах бөгөөд дараах тохиолдолд гэрээг цуцална.

-.Өөр мэргэжлээр суралцахаар болсон.

-Тухайн хичээлийн жилд үзэх кредит цаг гүйцээгүй

-Тухайн хичээлийн жилийн голч дүн 3.0-с доош бол

- Гэмт хэрэгт холбогдсон бол

-Тухай хичээлийн жилд  оюутны  эрдэм шинжилгээний бага хурал, симпозиумд оролцож илтгэл тавиагүй бол

 

.Жил бүр  суралцагчийг шалгаруулан 4 хүртэлх жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ тэтгэлэгт  хамрагдахаар шалгарсан  суралцагчид   эрхийн  бичгийг олгох бөгөөд  тэтгэлгийг  сурч  буй сургуулийн  дансаар шилжүүлнэ.

 

Зарим зүйлийг тодруулахад энэхүү журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид хамаарахгүй. Тэтгэлэгт хамрагдагч нь тухайн сургуулиа төгсөж, сургууль төгссөн дипломыг  эх хувийг ажиллах гэрээ дуустал аймгийн Засаг даргын Тамгын газарт хадгалуулна. Мөн тэтгэлэгт  хамрагдагч нь сургуулиа төгссөний дараа аймаг орон нутгийн аль хэрэгцээт газар ажиллах үүрэг хүлээх бөгөөд уг асуудлыг гэрээгээр зохицуулах аж.

Мөн тэтгэлэгт  хамрагдагч нь  сургуулиа хүндэтгэх шалтгаангүйгээр төгсөж чадаагүй тохиолдолд тэтгэлгээр авсан төлбөрөө 100 хувь эргүүлэн төлөх юм байна.

 

 

2017-08-16 08:51:31