• 12 сарын 23, Даваа гараг
ГУРВАНБУЛАГ СУМЫН ДУНД СУРГУУЛЬ ГАВЬЯАТ БАГШ БЯМБЫН ДАВААСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО
278 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 9-н жилийн сургуулийн хамт олон, ард иргэдээс сургуулиа нутгаас төрөн гарсан боловсролын сайдынхаа нэрэмжит болох хүсэлт гарч улмаар сумын ИТХ-аараа хэлэлцэн тогтоол гарган аймгийн ИТХ-д ирүүлжээ. Тус тогтоол болон тодорхойлолтыг үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцээд Гурванбулаг сумын 9-н жилийн сургуулийг МУ-ын гавьяат багш Бямбын Даваасүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарган баталсан байна.

 

 

9-р сарын 1-нд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь аймгийн ИТХ-аас баталсан тогтоолыг сумын иргэд болон гавьяат багш Б.Даваасүрэнгийн гэр бүл үр хүүхдүүдэд уншиж танилцуулан нэрэмжит болон үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 9 жилийн дунд сургууль нийт 27 багш ажилчидтай, 335 суралцагчидтайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.77 дахь хичээлийн шинэ жилээрээ өөрийн нутгаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат багш, доктор профессор, ардын боловсролын сайд агсан Бямбын Даваасүрэнгийн нэрэмжит болсондоо тус сургуулийн хамт олон хүүхэд багачууд ихэд баяртай байгаа ба энэ оюунлаг шилдэг сэхээтнээрээ овоглохдоо үргэлж хариуцлагатай байж сургуулийнхаа нэрийг улс аймагтаа гаргасан амжилттай хамт олон байхын төлөө нэгэн сэтгэлээр зүтгэхээ энэ үеэр тус хамт олон илэрхийлж байлаа.

 

МУ-ын гавьяат багш Бямбын Даваасүрэн нь тус сургуулийн анхны төгсөгчдийн нэг юм. Тэрээр аймагт математикийн багш, хичээлийн эрхлэгч, сургалт заах аргын кабинетийн анхны эрхлэгчээр ажиллаж байгаад сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд урилгаар дэвшин ажиллаж орлогч захирал, захирал, гэгээрлийн яамны орлогч сайд, сайд, УБДС-ийн тэнхимийн эрхлэгч зэрэг удирдах албан тушаалыг хашиж байжээ.

Б.Даваасүрэн сайдын дүү Бямбын Чулуун, Бямбын Бөхбат нар эл арга хэмжээнд оролцож эрхэм ахынхаа алдрыг мөнхлөхөд сэтгэл дүүрэн оролцсон юм. Гавьяат багшийн гэр бүл, ахан дүүс нэгдэж ахынхаа нэрэмжит сургуулийн нэг анги танхимыг бүрэн засварлан тохижуулж өгсөн ба сургуульд хэрэгцээтэй байсан бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг хандивласан юм. Мөн сумын ард иргэд хүүхэд багачуудаа цэнгүүлэн хөгжүүлэх зорилгоор соёолон, дааган насны морьдын уралдааныг ивээн тэтгэж явууллаа. Соёолон насны морьдын уралдаанд 29 хурдан соёолон хурдалсанаас 1. С.Батэрдэнийн Халиун, 2. Б.Нүрзэдийн Хүрэн халзан, 3. Ц.Номин-Эрдэнийн бор, 4. Г.Цэнд-Аюушийн цоохор, 5. Ц.Бадамдоржийн шарга нар айргийн тавд ирлээ. 

Дааган насны морьдын уралдаанд 60 даага уралдаж 1.Доржнямын халтар, 2. Доржнямын хул хээр, 3. Чинзоригийн хондон, 4. Гантулгын зээрд, 5. Шаарийбуугийн халиун нар уясан эзэн унасан хүүхдээ баясгаж эхний тавд хурдалсан юм.

Энэ үеэр уг үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс үе үеийн ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус сумаас боловсролын салбарт амжилттай ажиллаж байгаа шилдэг сайчуудаа төр засаг, аймгийн шагналаар урамшуулан шагнасан юм.

МУ-ын гавьяат багш Бямбын Даваасүрэн боловсролын салбарт тасралгүй 44 жил, ардын боловсролын орлогч болон жинхэнэ сайдаар нийт 12 жил ажилласан байдаг. Энэ хугацаандаа тэрээр боловсролын системд олон шинэлэг ахиц дэвшлийг бий болгосон байдаг.

Боловсролын салбарт манай аймгаас төрөн гарсан ганц сайд,  гавьяат багш Б.Даваасүрэн агсанаа ийнхүү үеийн үедээ Гурванбулагчууд алдарыг нь мөнхөллөө

2017-09-04 02:35:45