• 12 сарын 23, Даваа гараг
ГУРВАНБУЛАГ СУМЫН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
189 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Гурванбулаг сумын 10 ортой хүн эмнэлгийн барилга 2008 онд ашиглалтад орсон байдаг ба эхийн амрах байр, чийрэгжүүлэх танхимгүйгээр баригдаж байжээ. Сум орон нутгийн зүгээс эдгээр байруудыг нэмэлтээр бариулах  шаардлагатай байгаа хүсэлтээ энэ жил аймагт тавьсанаар 87 сая төгрөгөөр эмнэлэгт өргөтгөл барьхаар шийдвэрлэсэн юм. Барилгын ажлыг орон нутгийн “Баян Товгор” хоршоо  өнгөрөгч 7-р сарын 25-наас 8-р сарын сүүлч хүртэл барьж гүйцэтгэн  улсын комиссд хүлээлгэн өгөөд байна.

Тус эрүүл мэндийн төв нь 1 их эмч, ээлжийн 4 сувилагч, вакцинатор, 4 багийн эмч, нийгмийн ажилтан, тогооч галч зэрэг 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Уулархаг бүс нутаг болохоороо артерийн даралт ихсэх өвчин зонхилон гардаг ба сүүлийн жилүүдэд харвалт эрс нэмэгджээ. Гурванбулаг сумын эмнэлэгт  жилдээ 120-150 өвчтөн хэвтэн эмчлүүдэг байна.

Өргөтгөл ашиглалтад орсоноор дан өвчтөн гэлтгүй сумын иргэд цаг заваараа  чийрэгжүүлэх танхимдаа явж хөдөлгөөнөөр эрүүлжих боломжтой бол эх хүүхэд зориулалтын тохьтой байранд сувилуулах боломжтой болж байгаа юм.

Аймаг орон нутаг болон их хурлын гишүүний дэмлэгээр тус сумын эмнэлэг тусламжийн пургон автомашинтай, шинэ өргөтгөлтэй болсон зэргээр асуудлуудаа нэг нэгээр нь шийдвэрлэж байгаа ч одоогоор хамгийн дутагдалтай нь их эмчийн орон тоо ажээ. Аймгийн төвөөсөө алс зайдуу сум болохоор залуу эмч нар төдийлөн ирэх сонирхолгүй, ирлээ ч тогтвор суурьшилтай ажилдаггүй байна. Энэ жил 3-н сарын гэрээгээр нэг их эмчийг ажиллуулсан ба их эмч хүрэлцээгүй дутмаг, өвчтөндөө хүрэлцэхгүй байгаа аж. Иймээс  энэ сум бүс нутгийн онцгойлон анхаарч эхнээс нь гэрээ байгуулан сургаж авах, энэ хооронд сургалтын төлбөрийг нь  орон нутаг төлдөг болох ч юмуу ямар нэгэн байдлаар шийдэн авч ирэх юм бол ард иргэдийн эрүүл мэндэд үлэмж хэмжээний эерэг зүйл гарна гэж Гурванбулаг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Г.Сүхбаатар ярьж байна.

Зарим нэг сайхан сэтгэлтэй нутгийн иргэдийн хандиваар өгсөн 3,500,000 мянган төгрөг цуглараад байгаа ба түүгээрээ нэн даруй хэрэгцээтэй байгаа зарим багаж төхөөрөмжөө авхаар тус эмнэлэг төлөвлөсөн байна. Мөн багийн эмч нараа унаажуулахаар хөөцөлдөж байгаа ажээ. 

2017-09-04 08:56:40