• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ЭНЭ ЖИЛ 560 САЯ ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
214 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациас 560 сая төгрөгний зээлийг 14 ААН-д өнгөрөгч 7-р сард олгосон билээ. Уг олгосон зээлийн төслүүд хэрхэн хэрэгжиж байгаатай тус корпорацийхан газар дээр нь очиж танилцаж байна.

“Богд бүгийн гэзэг” ХХК нь эсгийний үйлдвэрлэл явуулдаг ба тоног төхөөрөмж авахаар 28 саяын зээл авчээ. Авсан зээлийнхээ хүрээнд 2 ээлжийн самнах төхөөрөмж авах ба одоо эхний ээлжийн төхөөрөмжөө тулгуурлан эсгийний үйлдвэрлэл явуулж байна.

“Богд бүгийн гэзэг” ХХК нь ноосоо ангилан ялгаж, сарлагийн хөөвөр, ямааны хялгас оролцуулан хонины ноосоор монгол гэрийн зориулалттай дээвэр туурга зэрэг бүх төрлийн бор, цагаан эсгийг хийдэг.

Самнах төхөөрөмж авсанаараа ажиллагсадын ажлын бүтээмж өндөрсөж, илүү олон эсгий үйлдвэрлэж,  түүний чанар сайжирсан, эрэлт ихэссэн зэрэг олон давуу талууд гарч улмаар борлуулалт ч сайжирчээ. Тус эсгийний үйлдвэр нь 11 сар хүртэл 500 гаруй ширхэг эсгий үйлдвэрлэх төлөвлөгөөөтэй ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 300 гаруйг үйлдвэрлэж худалдан борлуулаад байгаа юм байна.

Хуучин 4 ажилчинтай байсан бол одоо нэмж 4 хүнийг ажлын байраар хангажээ. Тус үйлдвэр нь 5м урттай, 1,90 өргөнтэй эсгийг 65,000 төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг юм байна.

Хэрчсэн гурилын “Тост”  үйлдвэр нь  50 сая төгрөгний зээлд хамргадсан. Орос улсаас оруулж ирдэг олон төрлийн хэлбэртэй гоймонг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа хийж, тоног төхөөрөмжөө авахаар Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорацид төслөө өгчээ.

Төсөл дэмжигдсэнээр зээлээ авсан ба олон хэлбэрийн гоймон үйлдвэрлэх төхөөрөмж  10-аад хоногийн аймагт ирэх ба гоймонгийн үйлдвэрлэл явуулах өргөтгөл барьж тохижуулжээ.

 Тус үйлдвэр нь одоо байнгын 16 ажилчинтай ба олон хэлбэрийн гоймонгоо үйлдвэрлэж эхлэхээр 7-8 хүнийг ажлын байраар хангах тооцоотой байгаа гэнэ.

“Шинэ хувцас” оёдлын үйлдвэр 25 сая төгрөгний зээлд хамрагдсан. Байнгын 3 ажилчинтай ба европ хувцас, гадуур хувцас, ажлын хувцас, пальто, куртик, плать зэргийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Оёдлын хэд хэдэн төрлийн машин болон бусад тоног төхөөрөмж авч, үйл ажиллагаа явуулах тохитой ажлын байртай болжээ.

Одоо зарим нэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болоод байгаа ба цаашдаа захиалгаа нэмж ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ мэтээр зээл өгсөн ААН-үүдийн үйл ажиллагааг хэрхэн явагдаж байгааг тус корпораци энэ намар газар дээр нь очиж судлаж танилцах  юм байна.

Урьд нь банк болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх  сан нь үйлдвэрлэгчдийн хүссэн зээлийг бүтнээр нь олгоод байдаггүй. Ихэвчлэн хасаж танадаг байж. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад, тоног төхөөрөмж авахад юу юундаа хүрэлцдэггүй. Улмаар үйлдвэрлэл болон бизнесийн үйл ажиллагаа нь  олигтой хөгжиж чадахгүй, доголдолтой байсан гэдгийг тус ААН-үүд  ярьж байна. Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациас олгогдсон зээл нь  хүү байхгүй, банкаар дамжаагүй, 2 дахь жилээс эргэн төлөлт хийгдэнэ, зээлийн уян хатан нөхцөлтэй, хамгийн гол нь итгэлцэл дээр суурилсан  гэдгээрээ үйлдвэрлэгчдэд олон давуу талыг бий болгож өгч байгаа юм. 

2017-09-05 06:09:15