• 12 сарын 23, Даваа гараг
ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 100 ӨРХ МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДАВ
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, залуу малчдын халааг бэлтгэх зорилготой “ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН” хөтөлбөрийн хүрээнд 100 өрхийг малжуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон ба эдгээр 100 өрхийн төлөөлөд аймгийн удирдлагууд өнөөдөр батламжийг нь гардууллаа.

Эрхэлсэн тодорхой ажилгүй,  айлд туслах малчин хийдэг өөрийн малгүй, мал маллах идэвхи сонирхол чадвар бүхий айл өрхүүдийн амьжиргааг дэмжих зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аймгийн ИТХ-ын баталсан тогтоолын дагуу, засаг даргын ангилагдаагүй зардлаас 90 сая, ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  олгосон 220 сая нийтдээ 300 гаруй сая төгрөгөөр 100 өрхийг ийнхүү малжуулахаар болж байгаа юм.

Тухайн төсөлд сум бүрээс малчид хамрагдсан. Тухайлбал Эрдэнэцогт -8, Өлзийт -2, Жинст – 2, Богд -2, Баянлиг -4, Баянговь – 1, Шинэжинст -2, Бөмбөгөр -3, Галуут -10, Баян-Овоо -8, Шаргалжуут -14, Жаргалант -3 өрх тус бүр хамрагдаж байна. Нэг айлд 3 орчим сая төгрөг оногдох ба энэ мөнгөөр төл мал бүхий 100 малыг малчид худалдан авч өсгөн үржүүлнэ. Улмаар 2 жилийн хугацаанд эдгээр малаа төрд эргэн төлөх ба энэ хооронд малаа өсгөн үржүүлж түүнийхээ ашиг шимийг сайтар авах шаардлага л тавигдаж байгаа юм.

Энэ жилийн ган гачигаас үүдээд ирэх өвөл хүндэрч магадгүй төлөвтэй байгаа. Үүнийг төсөлд хамрагдаж байгаа малчид дор бүрнээ ухамсарлаж бусад айл өрхөөс мал худалдаж авахдаа тарга тэвээрэг ашиг шимтэйг нь сонгон авч, тухайн айлтайгаа харилцан гэрээ байгуулж, өвөлжилтөндөө сайтар базаах ёстойг аймгийн удирдлагууд анхаарууллаа. Тус төслийн хэрэгжилтэд цаашид Баянхонгор сумын ЗДТГ,  ХХҮГ, НБХэлтсээс хяналт тавьж ажиллана. 

2017-09-16 11:52:36