• 12 сарын 23, Даваа гараг
“Хүүхдэд ээлтэй орон нутаг”-арга зүй, сайн туршлага сургалт эхэллээ
339 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн хүн амын дийлэнх нь залуус. Харин тэдний талаас илүү хувь нь хүүхэд, багачууд.  2017 оны аймгийн Цагдаагийн газрын тайлангаас харахад гэр бүлийн хүчирхийллийн 230 дуудлага, мэдээлэл ирснээс хохирогч зөвшөөрсөн 174 хохирогчийг аюулын зэргийн үнэлгээг харгалзахгүйгээр Нэг цэгийн үйлчилгээний төвд холбон зуучилж сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 65 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Мөн сургууль орчны зам талбайд гэмтэж бэртэх, гэмт хэрэгт өртөх гээд хүүхдүүдийн хувьд эрсдэл байнга тулгарч байдаг.

Тиймээс Баянхонгор аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох томоохон зорилтыг өмнөө тавин ажиллаж байгаа билээ.  Энэ хүрээнд НҮБ-аас 2017-2021 оны улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ оноос эхлэн Баянхонгор, Завхан, Гавь-Алтай ймгуудыг хүүхэд ээлтэй аймаг болоход дэмжлэг үзүүлж дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө уг хөтөлбөр 2012-2016 оны хооронд Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгчээ.

Тэгвэл өнөөдөр Хөвсгөл аймагт уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн баг, хамт олон Баянхонгор аймагт сайн туршлагаа хуваалцаж, арга зүйн зөвлөгөө өгөхөөр иржээ.

Баянхонгор аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж буй уг сургалтад Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга асан Г.Төмөрбаатар, Хүний гавьяат эмч, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга асан Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн ХГБЗХГ-ын дарга Ч.Дашбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя нарын бүрэлдэхүүнтэй баг ирж Баянхонгор аймгийн 20 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт өөрсдийн арга, туршлагаасаа хуваалцаж байна.

Тэд сургалтаар хүүхдэд ээлтэй засаглал, бүрэлдэхүүн салбар дундын зохицуулалтыг хангах механизм, хэрэгцээ шаардлага, сургамж бэрхшээл, ололт үр дүнгийнхээ талаар хуваалцахаас гадна хүүхдийн хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, дэмжих, сургамж бэрхшээл, туршлага, хүүхдийн аж байдлын талаарх мэдээлэл тайлан гаргах, ач холбогдлын талаар харилцан ярилцах аж.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ. 

 

2017-12-04 19:21:39