• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР ЭРЧИМ ХҮЧ ХК-ийн ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ, СПОРТ ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛОВ
270 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнөөдөр буюу энэ сарын 14-нд Баянхонгор Эрчим хүч цахилгаан түгээх ХК иргэдэд үйлчлэх төв, спорт цогцолборын нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор-Эрчим хүч ХК-ийн захирал Отгонбаатар нарын албаны төлөөлөл, тус компанийн хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Иргэдэд үйлчлэх  төв нь иргэдийн өмнө тулгамддаг олон асуудлыг шийдэж чадсанаараа давуу талтай. Тус төвд ,38 ажилтан албан хаагч гурван чиглэлээр 11300 гаруй хэрэглэгчдэд үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг байна. Монгол улсын өнцөг булан бүрээс тус төвд үйлчлүүлдэг байна. Тухайлбал, Дорнод, Сүхбаатар аймгуудаас хэрэглэгчид төлбөр тооцоогоо уг төвөөр дамжуулан хийжээ.

Хэрэглэгчдэд үйлчлэх төв Номгон нэгдүгээр баг,ийн 51 дүгээр байрны нэг давхарт буюу Совин худалдааны төвийн зүүн талд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ оны есдүгээр сараас эхлэн үйлчлгээгээ хүргэж эхэлсэн тул төвийн байр 153 м/кв талбайтай уг төв ажиллаж эхэлснээр  иргэдийн зүгээс гардаг олон төрлийн гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, банк очерлох болон Эрчим хүч ХК-ийн төв байр руу явж цаг хугацаа алдахгүйгээр төлбөр, тооцоог тушаах, өөрийн хэрэглээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах гээд олон давуу тал бий болжээ.

Иргэд цахилгааны тоолуурын заалтыг буруу бичдэг гэсэн гомдлыг байнга ирүүлдэг байна. Тэгвэл эрчим хүчний хамт олон уг маргааныг эцэс болгож тухайн сарын тоолуурын заалтыг зурагжуулан баримтжуулдаг болсон байна. Ингэснээр иргэдийн дунд байдаг эргэлзээ үгүй болох боломж бүрджээ. Нөгөө талаар 12 дугаар сарын бичилтийг баярын өмнөх төлбөр тооцооны чирэгдлийг бууруулах үүднээс урьдчилан бичсэнийг ойлгоогүй иргэд олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлж байсан. Тэгвэл оны сүүл болж байгаатай холбоотойгоор тус компанийн хамт олон тавдугаар зэргийн хэрэглэгчид буюу орон сууцны нийтдээ 200 гаруй өрхийн 12 сарын бичилтийг мэргэжлийн программын тусламжтайгаар урьдчилан бичиж байна. Уг программыг ашигласнаар оны сүүлд гарсан хэрэглээний заалт урьдчилан бичсэн заалттай нарийн таардаг байна.

Мөн энэ үеэр хэрэглэгчид цахилгааны төлбөрийг банкаар тушаахдаа өөрийн хэрэглэгийн кодыг тавьдаггүйгээс төлбөр төлөлт бүртгэгддэггүй, улмаар хаа хаанаа хүндрэл учирдагийг тус төвийн мэргэжилтнүүд хэлж байв.

Анх 1983 онд баригдаж байсан, баригдахдаа аймгийн 72 дизель станцийг байрлуулан үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн байрыг спорт зал, фитнес төв, хурлын танхим бүхий спортын цогцолбор болгон 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

2005 оноос хойш Баянхонгор аймаг төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсонтой холбоотой тус байр ашиглалтгүй, цонх, хаалга нь эвдэрч, муудсан байдалтай олон жилийг өнгөрүүлжээ. Тиймээс Баянхонгор-Эрчим хүч ХК-ийн хамт олон өөрсдийн оролцоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн засварын үйл ажиллагааг хийж ийнхүү ашиглалтад оруулж байна. Уг спорт цогцолбороор тус компанийн хамт олон үйлчлүүлэхээс гадна аймгийн төвийн албан байгууллага, иргэдэд нээлттэй үйлчилэх юм.

Уг арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ, “Баянхонгор аймгийн иргэдэд илч, гэрлийг түгээж буй ажилсаг хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсэе. Бид олон жилийн турш Баянхонгор-Эрчим хүч ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв болон спорт залтай болох асуудлыг ярьж байсан. Тэгвэл энэ ажил биелэлээ олж өнөөдөр нээлтэй хийж байгаад баяртай байна. Энэ онд бид 4, 5 дугаар багийн цахилгаан дамжуулах шугамын чадлыг нэмэгдүүлсэн. Ирэх онд мөн гурван багийн цахилгаан дамжуулах шугамын чадлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр ухаалаг тоолуураар иргэдээ хангаж, улмаар цахилгаан халаалтад шилжих, ингэж та бидний өмнө тулгамдаад буй утаанаас салах нэг алхам болно. Мөн Баян-Овоо, Галуут сумаас байнга тавьдаг цахилгаан дамжуулах 15 км шугамын чадлыг нэмэгдүүлэх ажлыг ч бид хийхээр төлөвлөж байна” гэдгийг хэллээ.

 

 

 

2017-12-13 23:18:02