• 12 сарын 23, Даваа гараг
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав
364 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өчигдөр буюу энэ сарын 19-нд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын албаны төлөөлөл Баянхонгор аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, хууль, хүчний тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга нар тоссон юм.

Батлан хамгаалахын сайд орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, батлан хамгаалах салбар дахь хууль, эрхзүйн шинэчлэл болоод бүтээн байгуулалт, нийгмийн хамгаалал зэрэг олон сэдвээр офицер, ахлагч, ажилтан алба хаагчидтай яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонсож байна. Мөн  батлан хамгаалах салбараас гадна Монгол Улсын Улаан загалмайн Ерөнхийлөгчийн хувиар орон нутаг дахь Улаан загалмайн салбаруудын удирдлага, хамт олонтой нь уулзаж, Монгол Улсын Онцгой комиссын орлогч даргын хувиар баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай ч газар дээр нь танилцаж байна. 

Үүний дараа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, дагалдан яваа хүмүүсийн хамт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэдэнд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр ангийн танилцуулгийг хийв.

Тус анги нь өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нарын хөөцөлдөөгөөр 700 сая төгрөгийн өртөг бүхий 200 цэргийн байрыг барих төсвийг Батлан хамгаалахын сайдын багцад суулгасан байдаг. Тэгвэл уг байр өдгөө ашиглалтад орж, цэрэг эрс тохилог орчинд цэрэг, эх оронч үзэлд суралцаж, эр цэргийн албаа хаах боломж бүрджээ.

Ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод хандан шинэ тутам сайдын албаа аваад орон нутаг, тэр дундаа баруун аймгуудад ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улсыг батлан хамгаалах үйлсээ нэр төртэй биелүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн хурандаа Б.Эрхэмбаяр энэ жил анги, хамт олноо Зэвсэгт хүчний хэмжээнд хэд, хэдэн бүтээн байгуулалтад оролцсон тухай, орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа тухай, алба хаагчдын ажиллах орчныг бүрдүүлэхийн төлөөх санаачлагуудаа ажил хэрэг болгосон тухай, хугацаат цэргийн алба хаагчид рүү чиглэсэн олон ажил гүйцэтгэсэн тухайгаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус ангийн үйл ажиллагаатай танилцсаны дараа бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр хэлсэн үгэндээ “Батлан хамгаалахын салбар улс орны хамгийн чухал салбар боловч бидний бодит байдал тийм ч сайн биш байна. Бид салбарт орж ирж буй хөрөнгө оруулалтынхаа 80 хувийг нийт бие бүрэлдэхүүний цалин хангамжид зарцуулж байна. Үлдсэн 20 хүрэхгүй хувийг зэсэг, техникийн хангамжийг нэмэгдүүлэх, барилга байгууламж барихад зарцуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д хаалттай мэдээлэл хийсэн. Энэ үеэр Батлан хамгаалах салбарын талаар дэлгэрнгүй дурдаж, анхаарлаа хандуулж байсан нь цаашид Батлан хамгаалахын сайдын хувьд салбарын асуудлаар УИХ-д олон асуудлыг тавих шаардлагатайг харуулж байна. Тийм ч учраас энэ удаагийн томилолтоор манай салбарт хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал юу байна, дэс дараатай шийдэх ямар ажил байгаа вэ зэргийг алба хаагчдаасаа тодруулж ярилцахыг чухалчилж байгаа. Минйи бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид, УИХ-ын дарга, гишүүдэд, Ерөнхий сайд болоод бусад Засгийн газрын гишүүдэд манай салбарт тулгарч байгаа асуудалд анхаарал тавьж ажиллахыг сануулсан. Нөгөө талаар Батлан хамгаалах салбарын багц хуулиад батлагдан мөрдөгдөж байгаач, бид илүү их ажиллах, салбарын бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна.

Нөхцөл байдал ийм байна гээд хойш суухгүй. Бид Батлан хамгаалахын хөгжлийн сангаасаа тодорхой асуудлыг шийдээд явж болно. Тухайлбал Баянхонгор аймагт байрлах Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид тодорхой асуудлыг шат дараатай шийдэх боломж бий” гэдгийг онцоллоо.

Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ховд, Баян-Өлгий, Завхан аймагт ажиллана.

2017-12-19 17:53:13