• 12 сарын 23, Даваа гараг
Цагдаагийн бие бүрэлдэхүүнд 70 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагууд гардууллаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд Цагдаагийн газрын материалаг баазийг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил тусгагдаад байсан юм. Уг ажил, арга хэмжээ биелэлээ олж  улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт нийт 70 сая төгрөгийн өртөгтэй тоног, төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нар Цагдаагийн бие бүрэлдэхүүнд гардууллаа.

Энэ хүрээнд бүрэн тоноглогдсон пургон автомашин, явуулын путик, эрүүлжүүлэх байрны тоног төхөөрөмж, мэдүүлэг авах өрөөний компьютер зэрэг олон нэр төрлийн тоног төхөөрөмжийг тус байгууллагад хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал цагдаагийн алба хаагчдад хандан “Хүн ардын аюулгүй, амар тайван байдлыг хангахын төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдын хөдөлмөр маш хүнд. Хүнд хэцүүгийн хажуугаар ард иргэдийн зүгээс байнга шүүмжлэлд өртдөг байдал нь та бүхний хувьд илүү хариуцлагатай, илүү иргэдэд ойр ажиллахыг сануулж байна. Тиймээс аймаг, орон нутгийн зүгээс та бүхний ажиллах нөхцлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шат дараатай тогтмол хийж хэрэгжүүлэх болно. Түүний нэг илрэл нь энэ удаагийн хөрөнгө оруулалт юм” гэдгийг хэллээ.

Мөн даатгалын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бага насны хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс ханцуйвч, хүзүүвч хийснийг энэ үеэр хүүхэд багачуудад гардуулав.

Сүүлийн таван жилийн дотор 38 хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж, осолдсон статистик байдаг байна. Тиймээс машины гэрэлд поспортож харагддаг уг ханцуйвч, хүзүүвч бага насны хүүхдийг хамгаалахад чухал үүрэгтэй юм. 

2017-12-21 22:21:13