• 12 сарын 23, Даваа гараг
МЭС ЗАСЛЫН ТАСАГ ДУРАНГИЙН ХАГАЛГААНЫ ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
308 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн НЭ-ийн МЭС ЗАСЛЫН ТАСАГ ирэх онд ДУРАНГИЙН ХАГАЛГААГ орон нутагтаа хийдэг болоё гэсэн зорилт тавиж улмаар аймгийн удирдлагууд дэмжиснээр тасаг дотроо 6 сая орчим төгрөгний завсар хийн бэлтгэл ажлаа хангажээ. Ингээд  дурангийн хагалгааны тоног төхөөрөмжтөй болохоор шат шатны шийдвэрлэх байгууллагуудад хүсэлтээ тавьсанаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын тусламжтайгаар тус ажил өнөөдөр биелэлээ олж дурангийн хагалгааг хийх нөхцөлөө бүрэн бүрдүүллээ.

Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт  ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар дурангийн хагалгааны 196 сая төгрөгний тоног төхөөрөмж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр мэс заслын орчин үеийн зориулалтын гэрэлтүүлэг, 78 сая төгрөгний өртөг бүхий унтуулгын аппарат, яаралтай түргэн тусламжийн тасагт 46 сая төгрөгний зөөврийн эхо аппаратууд зэрэг 300 сая төгрөгний хөрөнгө оруулалт өнөөдөр  хийгдэж байна.

Дурангийн хагалгааг орон нутагтаа хийхийн тулд эмч мэргэжилтнийг зайлшгүй сургах шаардлагатай. Үүнийг аймаг орон нутаг тусгайлан анхаарч хагалгааны 2 эмч, унтуулгын 1 эмч, 1 сувилагчийн зардлыг нь даан солонгос улсад дадлагажуулах сургалтанд хамруулаад байна. Ингэснээр шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил дурангийн хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд манай эмч мэргэжилтнүүд хийнэ. Урьд хожид Баянхонгор аймаг хагалгааны багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь  ийнхүү дэмжиж сургаж байсан удаагүй гэдгийг аймгийн НЭ-ийн дарга Н.Баттогтох онцлов.

Баянхонгор аймгийн хэмжээнд жилдээ 80-100 орчим хүн дурангийн хагалгаанд орохоор Улаанбаатар хотыг зорьдог байсан бол аймаг өөрөө энэхүү тоног төхөөрөмжтэй болсоноор өвчтөнүүд хотруу явж зардал чирэгдэл, цаг хугацаа алдалгүй орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн зориулалтын орчин үеийн тусгал сайтай гэрэл тавигдсанаар бүх төрлийн  мэс засал явуулах орчин нөхцөл илүү сайжирч байгааг тус тасгийхан ярьж байна.

Хонгор нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд цаг наргүй хүчин зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын хөгжлийг дэмжсэн шат шатны удирдлагуудад иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.

2017-12-25 01:16:08