• 12 сарын 23, Даваа гараг
“ЧАНДМАНЬ БАЯНХОНГОР” ХК 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ОФФИССЫН ШИНЭ БАРИЛГЫНХАА НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
139 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэдийнхээ амьдарлын зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор 1965 онд анхлан байгуулагдаж байсан “Чандмань – Баянхонгор” ХК 52 жилийнхээ ойн дээр орчин үеийн шинэ оффисын барилга, “Хонгор -15” хүүхдийн цэцэрлэгийнхээ нээлтийг хийлээ.

Хувьцаат компани болсоноос хойшхи 5 дахь удаагийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний шийдвэр нь инженер, техникийн ажилтан, албан хаагчдынхаа ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор шинэ байгууламжтай болгоход чиглэгдсэн байсан ба ТУЗ-ийн энэ шийдвэрийн дагуу өнгөрөгч хавраас “ Чандмань - Баянхонгор” ХК хажуудаа барилгын ажлаа эхлүүлсэн юм. Ийнхүү 6 сарын хугацаанд барилгаа барьсанаар “Чандмань – Баянхонгор” ХКомпани нь өөрийн нөөц боломж, улс, орон нутгийн дэмжлэгээр нэг цэцэрлэг барих хэмжээний зардал болох 1 тэрбум 250 сая төгрөгний төсвөөр хоёр байгууллагын барилгын асуудлыг ийнхүү шийдвэрлэж чадлаа.

“Чандмань – Баянхонгор” ХК-ний оффисын барилгын хувьд 2 давхар, нийт 20 гаруй өрөөтэй. Орчин үеийн дулаан тохилог өрөө тасалгаануудад мэргэжилтнүүд тус бүр өөрийн ажил үүргээ гүйцэтгэх бол “Хонгор - 15” хүүхдийн цэцэрлэг нь одоогийн байдлаар 4 бүлгийн 126 хүүхэд хүлээж аваад байгаа ба уг цэцэрлэг байгуулагдсанаар шинээр 20 гаруй байнгын ажлын байр бий болж, олон зуун хүүхэд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтад хамрагдах боломжтой болж байгаа юм.

Хийхгүй гэвэл хэнд ч шалтаг мундахгүй. Гэхдээ хийе гэвэл юуг ч бүтээж болдогийг Э.Энхбат захиралтай ”Чандмань - Баянхонгор” ХК-ний хамт олон ийн харууллаа. Нээлтийн үеэр аймгийн удирдлагууд төрөөс татаас авдаггүй Баянхонгор аймгийн цөөн хэдэн байгууллагууд сайн ажиллаж байгааг онцлон тэмдэглэж байлаа.

Үнэхээр ч тухайн байгууллагаа удирдан чиглүүлж авч яваа залуу удирдлагууд шинийг сэтгэн, шинэчилэл хийж, дорвитойхон ажиллаж байгаа нь ихэд сайшаалтай байна. Залуу удирдлагууддаа илүү ихийг хийж бүтээх амжилт хүсье.

 

2018-01-08 00:29:38