• 05 сарын 11, Ням гараг
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлнэ
405 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймаг Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтыг өмнөө тавьж НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр/2018.02.26/ Говь-Алтай, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Бат-Эрдэнэ, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын хөтөлбөрийн ахлагч Н.Энхнасан нарын албаны төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн сургалтаар нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 оны улс орны хөтөлбөрийн зорилго, зорилтууд, зорилтод бүлгийг оновчтой тодорхойлох аргачлал, түүний ашиглалт, хүүхдийн ядуурал ба хүүхдэд ээлтэй нийгмийн хамгаалал, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн нас, бие, сэтгэлзүйн онцлог, гэр бүлийн эрх зүйн орчны зохицуулалт зэрэг сэдвээр оролцогчдод мэдээлэл өгөх юм.

Нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн салбарын бодлогын нэн чухал хэсэгт хүүхэд, өсвөр үеийнхэн багтдаг. Тийм ч учраас хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтыг тавьсан Баянхонгор аймгийн хувьд энэ удаагийн сургалт өндөр ач холбогдолтойг албаныхан онцолж байв.

Баянхонгор аймгийн хүн ам 2017 оны эцсийн байдлаар 87243 болж 2.2 хувиар өссөн. Эдгээр иргэдийн 22.5 хувийг 0-1, 6-15 насныхан, 9.9 хувийг 2-5 насныхан эзэлж байгаа юм. 

2018-02-25 19:36:49