• 05 сарын 11, Ням гараг
МЭНДЧИЛГЭЭ
250 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийнхаа нийт бүсгүйчүүдэд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье.

Гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг 107 дахь жилдээ дэлхийн өнцөг булан бүрд өргөн дэлгэр тэмдэглэж байна.  Энэ өдөр эмэгтэй хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорч, аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

2017 оны жилийн эцсийн статистикаар Баянхонгор аймгийн нийт хүн амын 44200 гаруй иргэн эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт хөдөлмөрлөж, өрх гэр, үр хүүхдээ авч явахын зэрэгцээ аймаг орон нутаг, улс орныхоо хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирлээ.

Тийм ч учраас жендерийн тэгш байдлыг хангах, тэр дундаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эрхийг хамгаалах, нийгмийн халамж, үйлчилгээг нэмэгдүүлэхэд аймаг, орон нутгийн зүгээс анхааран ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 оны Үндсэн чиглэлд туссан ажил,арга хэмжээ бүрийн ард охид бүсгүйчүүд, ээжүүд, азай буурлуудад чиглэсэн ажлууд тусгалаа олж байгааг онцлон тэмдэглэе.

Тухайлбал, бид энэ онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөрийн чадвартай өрх толгойлсон ээжүүдэд зориулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэгийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг бодитой ажлыг хийж хэрэгжүүлнэ.

Эмэгтэй хүний аз жаргалын үндэс нь эрчүүд та бид билээ. Тиймээс эрэгтэйчүүд та бидэнд ч өндөр хариуцлага, үүрэг ногдож байгааг гүнээ ухамсарлаж өрх гэрийнхээ төлөө, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн амьдрах ёстойг энд тэмдэглэхийг хүсч байна.

Өргөн монголын хатан ГОО

Өнөр бүлийн эзэн ГОО

Бүүвэй аялах уян ГОО

Бүхнийг шаглах уран ГОО

Эрийг чимэх саран ГОО

Энхрий аальтай бүсгүй ГОО

Эрхэмсэг тансаг хатан ГОО

Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГОНЧИГДОРЖИЙН БАТЖАРГАЛ

 

 

2018-03-08 01:36:54