• 12 сарын 24, Мягмар гараг
БӨМБӨГӨР СУМЫН ХӨХ ТОЛГОЙН 2-Р БАГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД ХУВИЛБАРТ СУРГАЛТАД 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ХАМРАГДАЖ БАЙНА
206 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2-р баг нь өнгөрөгч 2017 онд гэр цэцэрлэг ажиллуулсан ба энэ нь ч үр дүнтэй ажил болсон гэж нутгийн иргэд үзэж байна. Иймээс ч энэ жил багийн иргэд хүсэлт гаргаж улмаар мал төллөх ид ажлын үеэр багийн төвийг ашиглан цэцэрлэгийн насны хүүхдийн хувилбарт сургалтыг 3-р сарын 1-ээс дахин явуулж эхэлжээ.

Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эрдэнэ мандал ахлах сургуулийн захирал Ц.Энхтөр танилцаж хүүхэд багачууд багш нарын нөхцөл байдлыг судлаж үзлээ.

Тус цэцэрлэг нь 2-6 насны 25 хүүхдийг өдөр бүр 08:00-21:00 цагийн хооронд уртасгасан цагаар тогтмол хүлээж авдаг байна. Бөмбөгөр сумын цэцэрлэгийн үндсэн бүлгийн багш Б.Оюунчимэг нь туслах багш, тогооч гэсэн үндсэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөөгийн хүүхэд багачуудад хөгжил хүмүүжлийг ийнхүү хоёрдахь жилдээ гардан олгож байгаа юм байна.

Хөх толгойн 2-р баг нь төв зам дагуу байрлалтай ч тог цахилгаанд одоогоор холбогдоогүй. Байнгын эрчим хүчинд холбогдвол хүүхдэд ээлтэй орчин бүрдэхээс гадна иргэдийн хөгжил оролцоог дэмжсэн олон ажил арга хэмжээг багийн төв дээрээ түшиглэн явуулах боломжтой болно гэж багийн иргэд үзэж байна. Тойргийн иргэдээс гарсан санал хүсэлтийн дагуу хурлын төлөөлөгч Ц.Энхтөр цаашид байнгын тог цахилгаантай холбох асуудал дээр судлаж шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллахаар болсон юм.

Өнгөрсөн жил багуудад гаргасан гэр цэцэрлэг нь ихээхэн үр дүнтэй ажил болсон гэж ард иргэд ам сайтай байгаа юм. Энэ ч үүднээс энэ жил есөн сумын малчин ард иргэд өөрийн багийн төвийг түшиглэн хувилбарт сургалт явуулж өгнө үү гэсэн хүсэлтээ албан ёсоор аймгийн Засаг даргад ирүүлээд байгаа юм байна. Үүнийг ажиллуулахад өнгөрсөн жил ихээхэн зардал төсөв багагүй ажил болсон ч иргэдийн хүсэл, хүүхдүүдийн сурах эрмэлзлэлийг аймгийн удирдлагууд нэн тэргүүнд тавьж энэ жил ч цэцэрлэгийн насны хувилбарт сургалтыг дахин явуулахаар шийдвэрлээд байгаа юм.

 

2018-03-18 22:45:45