• 12 сарын 24, Мягмар гараг
Төрийн удирдах ажилтнуудыг чадваржуулах сургалт болж байна
165 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
Өнөөдөр/2018.03.23/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Төрийн удирдах ажилтнуудыг чадваржуулах” сэдэвт сургалт болж байна.
 
Энэ удаагийн сургалтад аймгийн 20 сумын ЗДТГ-ын дарга, удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх газар, агентлагуудын дарга, эрхлэгч нар хамрагдаж байна. Мөн ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референт С.Нямбаяр тодорхой чиглэлээр сургалт, мэдээллийг хийж байна.
 
Сургалтын эхний өдөр төрийн удирдах албан тушаалтнуудад Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг ХАСХОМ, Архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг Төрийн архив, албан бичиг хөтлөлт, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо нийгмийн салбарт хэрэгжиж буй үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн тухай, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид анхаарах асуудал, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар Батлан хамгаалахын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны тухай сэдвээр мэдээллийг өглөө.
 
Сургалтын хоёр дахь өдөр ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референт С.Нямбаяр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
 
Тэрээр хяналт-шинжилгээний ажлыг хяналт шалгалтаас салгаж ойлгох ёстойг хэлээд хяналт шинжилгээ гэсэн нэр томьёог өөрчлөлтийг хэмжих, анхааралтай судалж мэдээлэх гэж ерөнхий утгаар ойлгох ёстойг санууллаа. Нөгөө талаар Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн байгууллагын баримт бичиг, шаардлагатай мэдээ, мэдээлэлтэй танилцах бүрэн эрхтэйн дээр эрх бүхий албан тушаалтнаас мэдээлэл олж авах бүрэн эрхтэй аж. Хэрэв тухайн мэргэжилтний ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой саад учруулбал сахилгын болон захиргааны хариуцлага тооцох хэмжээний эрхтэй болжээ.
 
Мөн Хяналт-шалгалт, үнэлгээг өмнө долоон шалгуур үзүүлэлтээр хэмждэг байсан бол энэ шалгуур дөрөв болсон байна. Аймаг, сум, газар, агентлагууд бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэрэгжих хугацаанд хэсэгчлэн төлөвлөдөг. Ингэснээр Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудит хийхдээ тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг харах юм.
 
ЗГХЭГ-ын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референт С.Нямбаяр Монгол Улсын Засгийн газрын Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага байгааг хэлж байлаа.
 
Сургалт үдээс хойш аймгийн Засаг даргын 2018 оны А/79 дүгээр захирамжаар батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам, Хөгжлийн бодлогын тухай хууль, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд гарсан алдаа дутагдал, зарим аймгийн туршлага зэрэг сэдвийг хөндөж үргэлжилнэ.
 

2018-03-22 20:28:40