• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХДТ-Т АЖИЛЛАЛАА
169 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилгаар аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд аймгийн томоохон 20 ААН, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тухайн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэвэл зохих ажил арга хэмжээг тодорхойлох, ажилтан, алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал ямар байдалтай байгаатай танилцах, иргэдийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарсан санал, гомдлыг газар дээр нь барагдуулах ажлыг эхлүүллээ.

Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр/2018.03.27/ аймгийн ХДТ, “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн үйл ажиллагаатай тус тус таницлаа.

Өмнөх аймаг, орон нутгийн удирдлага, Засаг даргын зөвлөлийн гишүүд хамтдаа тусгайлсан хөтөлбөр, зорилго чиглэлтэйгээр албан байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажилтан, албан хаагчидтай ажлын байран дээр нь биечлэн уулзаж, ажиллаж байгаагүйг ажилласан хоёр байгууллагын ажилтан, албан хаагчид онцолж байв.

Уулзалтаар хөндөгдсөн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон ажиллаж буй ажилтан, албан хаагчдийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэснээрээ энэ удаагийн уулзалт үр дүнтэй байлаа.

Анх 1977 онд байгуулагдаж байсан аймгийн ХДТ өдгөө 60 хүний орон тоотойгоор мэргэжлийн урлагийн үйлчилгээг Баянхонгор аймгийн ард иргэдэд хүргэн ажиллаж байна. Тус театр өнгөрсөн онд түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэжээ.

Түүхт ойн хүрээнд өнгөрсөн жил тус театрын уран бүтээлчид Ардын урлагийн гайхамшиг тоглолтийг аймгийн хэмжээнд хийжээ. Мөн Тэнгэрлэг түмний дуулал тоглолтийг Улаанбаатар хотноо, долдугаар сарын 11-нд “Сонгодог үдэш” тоглолтыг аймгийнхаа нийт иргэд, хөдөлмөрчдөд үнэ төлбөргүй тавьжээ. Оны төгсгөлд салбарын яамны санхүүжилт 20 сая төгрөгөөр 34 жилийн дараа аймгийн ХДТ-ын тайзнаа “Эрдэнэ тээлийн уянга” бүрэн хэмжээний дуурийг тавьж үзэгчдийн хүртээл болгосон байна. Мөн 2017 онд аймгийн ХДТ хувцас, тайзны шинэчлэлийн ажлыг 30 хувь, гэрэлтүүлгийг 75 хувь, тоног төхөөрөмжийг 90 хувьтай шийдвэрлэжээ.

Театрын уран бүтээлчдийн цалин төрийн албан хаагчдын цалингаас 35 хувиар бага байдаг байна. Тиймээс удирдлагуудын зүгээс ажилчдаа гадны улс оронд илүү цалинтай ажиллах боломжийг олгох үүднээс гурван сарын чөлөөг олгосон байна. Мөн өнгөрсөн өвөл Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувь гантай байсантай холбоотойгоор хөдөөгийн сумдад өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл бий болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн ХДТ-ын 54 уран бүтээлчид тус бүр 28 мянган төгрөгийн хандив цуглуулж, шеф сум болох Бөмбөгөрт өвс,тэжээл хандивлажээ.

Энэ оноос эхлэн тус театр нь аймгийн олон ажилтан, албан хаагчтай байгууллагуудтай хамтын ажиллагааны хоёр талт гэрээг байгуулан ажиллаж байна. Уг гэрээний хүрээнд уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэлтийн тоог нэмэгдүүлэх, нөгөө талдаа тухайн байгууллагуудад ХДТ материаллаг болон уран бүтээлийн дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийг ажиллах үеэр ХДТ-ын хамт олон хэд хэдэн саналыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, Баянхонгор аймаг нь хөдөөгийн 19 сумтай учир хөдөөгийн ард иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг үзүүлэхэд өөрийн гэсэн машингүйн улмаас хүндрэлтэй байдаг байна. Санхүүгийн хүрээнд уран бүтээлийн зардалд жилдээ 23 сая төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэвч энэ мөнгийг сар бүрт нь хувааж олгодог нь томоохон уран бүтээлийг хийхэд хүндрэл учруулдаг байна. Тухайлбал, ирэх аравдугаар сард Дэлэгдоржийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдааныг зохион байгуулахад 10 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Нөгөө талаар ХДТ-ын хөгжим анги, бүжиг ангийн хөгжимчин, бүжигчдийн тоо хангалттгүй байдаг талаар хэлж байлаа. Хүн хүч дутуугаас болж мэргэжлийн хэмжээнд тухайн бүтээлийг тайзнаа амилуулахад хүндрэл гардаг байна. Тиймээс одоо 60 хүний орон тоотой тус театрын орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага бий болжээ.

Аймгийн ХДТ нь уран бүтээлчдээ шавь сургалтаар бэлтгэсээр олон жил болжээ. Хэдийгээр уран бүтээлчдийн ур чадвар өндөр байдаг боловч мэргэжлийн байгууллагын хувьд дээд боловсролын дипломатай байх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тус театраас найман хүн СУИС-д суралцаж байна. Мөн энэ хавраас СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж буй таван хүүхдийн төлбөрт дэмжлэг үзүүлэх замаар аймгийнхаа театрт 5-7 жил ажиллах гэрээ байгуулж жүжигчдийн залуу халааг бэлтгэхээр төлөвлөжээ.

Театрын барилгын сантехник муудаж, хэзээ мөдгүй ус алдахад бэлэн болсон учраас сантехникийн засвар үйлчилгээг хийх хэрэгтэй болсон байна.

Дээрх саналыг ХДТ-ын уран бүтээлчид аймгийн Засаг дарга болон түүний зөвлөлийн гишүүдэд хандаж тавьсны дараа аймгийн Засаг дарга дараах тайлбарыг өглөө.

Тэрээр аймгийн Засаг даргын ажлыг авснаасаа хойш соёл, урлагийн салбарт онцгой анхаарч байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллгааны хөтөлбөрт туссан Сум сурталчилах өдөрөлгийн хүрээнд соёлын арга хэмжээг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчилах ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн онд гурван сумын сум сурталчилах өдөрлөг болсон бол энэ онд зургаан сумын өдөрлөгийг хийхээр төлөвлөснийг дуулгалаа. Мөн Г.Бирваа, Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 насны ой зэрэг улсын чанартай томоохон арга хэмжээг өнгөрсөн онд хийжээ.

Цаашид соёл урлагийн салбар, тэр дундаа аймгийн ХДТ-т ямар ажил, арга хэмжээг хийх талаараа мэдээлэл өглөө. Тодруулбал, ХДТ-ын хөгжим, апуртурыг шинэчлэхэд 19,8 сая төгрөг шийдвэрлэжээ. Мөн аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн үнэлэмжийг нэмэгдүүлж, тэднийг аливаа арга хэмжээ, олон нийтийг хамарсан арга хэмжээнд урихдаа тогтсон тарифаар ажлын хөлсийг заавал төлүүлдэг болох юм.

ХДТ-ын уран бүтээлчийн орон тоог нэмэгдүүлэх чиглэлд ХДТ-ын удирдлага, уран сайхны зөвлөлийн саналыг үндэслэн салбарын яаманд санал, хүсэлтээ хүргүүлж, 2019 оноос нааштай үр дүнд хүрэх боломжийг эрэлхийлэхээ илэрхийллээ.

Мөн ХДТ-аас суралцаж буй уран бүтээлчдийн сургалтын төлбөрийг орон нутгаас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хамруулахаар боллоо. Ингэхдээ тухайн уран бүтээлчийн сурлагын амжилт, аймаг орон нутгаас гаргасан сургалтын төлбөрийн тэтгэлгийн тодорхой шалгуурыг хангасан эсэхээс хамаарч 50-100 хувь олгохоор болов.

Үүний зэрэгцээ ХДТ-ын уран бүтээлчид, ажилчдын багагүй хэсэг нь гэрийн хороололд амьдарч байна. Дундаж цалингийн хэмжээ 400 орчим мянган төгрөг байгаа юм. Энэ байдал нь одоогийн өндөр өртөгтэй орон сууцанд орох, олон жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдахад хүндрэл дагуулж байна. Тиймээс аймгийн төвийн тавдугаар багтай залгуулан барих Залуус хаус хороололд одоогийн орон сууцны үнээс 2-2,5 дахин хямд үнээр амьдрах боломжийг бүрдүүлэхэд анхаарахаа илэрхийллээ. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд аймгийн төвийн дөрөв, тавдугаар багийг халаалтын нэгдсэн системд холбох ажил тусгалаа олсон. Энэ ажил хэрэгжсэнээр Залуус хороолол нь ундны цэвэр ус, халаалт зэргийг цогцоор нь шийдсэн орчин үеийн тохилог хаус хотхон болох хэтийн дүр зураг харагдаж байна.

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Батжаргал уран бүтээлчдийн зүгээс хамгийн их хүсэлт гаргасан автобусыг 2019 онд багтаан шийдвэрлэж өгөхөө илэрхийлснээр энэ удаагийн ХДТ-ын уран бүтээлчидтэй хийсэн уулзалт өндөрлөлөө.

 

 

 

 

2018-03-27 03:47:06