• 12 сарын 24, Мягмар гараг
45 ХҮНИЙ СОНСГОЛЫГ СЭРГЭЭХ ЗОРИЛГОТОЙ СЭТГЭЛИЙН СОНСГОЛОН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
203 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв ТББ-иас санаачлан сонсголын бэрхшээлтэй иргэдийг гуравдугаар шатны эмнэлэгт үзлэг шинжилгээ оношлогоонд хамруулах СЭТГЭЛИЙН СОНСГОЛОН хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал түүний тамгын газар, Д.Очирбат даргатай УНТЭ, Нэгдсэн эмнэлэгийн дэмжлэгтэйгээр НДХ, түүний дэргэдэх ЭХМКомисс, ХБИ-ийн нэгдсэн төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэлийн сонсголон хөтөлбөр нь энэ 4-р сараас эхлэн 10-р сар хүртэл 6 хугацаанд хэрэгжих ба уг хөтөлбөрт хөдөө сумдаас 30, аймгийн төвөөс 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж байна.

4-р сарын 01-нд Сонсголын бэрхшээлтэй орон нутгийн 45 хүнээ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагч эмч Т.Цэрэннадмид, НЭ-ийн их эмч н.Энхбаяр нар Улаанбаатар хотруу  авч явсан ба өнөөдөр Улсын нэгдсэн төв эмнэлгийн дарга Д.Очирбат болон эмч мэргэжилтнүүд тэднийг хүлээн авч нарийн үзлэг, шинжилгээ, оношлогоог үнэ төлбөргүй явуулж өгч байна.

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нар дээрх 45 хүний байрлах буудал бусад холбогдох зардлыг шийдвэрлэж өгчээ.

Уг үзлэг шинжилгээний хүрээнд тэдний сонсгол сэргэх боломжтой эсэх нь нарийвчлан тогтоогдох ба сонсгол сэргэх боломжтой өвчтөнүүдийг аймгийн НЭ-ийн эмч нар эрүүлжүүлэх эмчилгээнд тодорхой хугацаанд хамруулж улмаар ирэх 9-р сард хагалгааны эмч нарын нэгдсэн баг Баянхонгор аймагт ажиллаж хагалгаа хийн олон олон хүмүүсийг сонсголтой болгож амьдралын баяр баясал хайрлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийнхээ сонсголыг сэргээх зорилготой СЭТГЭЛИЙН СОНСГОЛОН хөтөлбөрийн хүрээнд эхний ажил амжилттай явагдаж байна.

Энэ бол Баянхонгор аймаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эрүүлжүүлэхийг зорьсон томоохон ажил бөгөөд 45 хүнээ сонсголтой болгож, амьдралын чанарыг нь дээшлүүлэх гэж зорьсоноороо улсын хэмжээнд анхдагч аймаг болж байгаа юм.

 

2018-04-03 01:35:43