• 12 сарын 24, Мягмар гараг
“Авлигагүй нийгмийн төлөө-2” аяны шилдгүүд тодорлоо
266 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
 
Баянхонгор аймгийн ХЭЗХ-ээс хоёр дахь жилдээ “Авлигагүй нийгмийн төлөө-2” аяныг зохион байгууллаа.
 
Уг аянаар дамжуулан аймгийн хэмжээнд төрийн байгууллагын албан хаагчид, иргэдийн дунд Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг олон талт арга хэлбэрээр сурталчлах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангуулах, цахим хуудасны баяжилтыг хангуулах, төрийн байгууллагын мэдээ мэдээллийн иргэдэд хүртээмжтэй хүргэхийг зорьжээ.
 
Аяны хүрээнд “Авлига ба хууль зүйн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Авлига бидний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан, “Авлигын эсрэг онч мэргэн үг” шалгаруулах цахим уралдааныг тус тус зохион байгууллаа.
 
“Авлигын эсрэг онч мэргэн үг” шалгаруулах цахим уралдааны тэргүүн байранд П.Жамъяанпүрэв түрүүлжээ. Тэрээр, “Авлига чи ардын засгийг үүрээ болгосон, авлига чи албаны ажлыг найраа болгосон, авлига чи аавын хүүг ажилгүй болгосон, авилга чи аварга цолтонг ч хожилгүй болгосон” гэсэн үгийг бичиж шалгарсан байна.
 
“Авлига ба хууль зүйн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд дэд байрыг ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Сүглэгмаа эзэлсэн бол гутгаар байрыг Эрдэнэмандал сургуулийн багш Б.Долгормаа, Л.Баясгалан нар эзэлжээ. Харин энэ удаад тэргүүн байрыг эзлэх илтгэл байгаагүй хэмээн шүүгчид үзсэн байна.
 
ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байрыг Номгон ахлах сургуулийн 12д ангийн сурагч Ц.Хулангоо эзэлж, дэд байрыг Номгон ахлах сургуулийн 12а ангийн сурагч Б.Жавзанзаяа эзэлжээ. Гуравдугаар байрт Эрдэнэмандал ахлах сургуулийн 10б ангийн сурагч А.Адилзаяа оржээ.
 
 
 

2018-04-03 18:46:35