• 12 сарын 24, Мягмар гараг
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ШАТНЫ НЭЭЛТ БАЯНХОНГОРТ БОЛЛОО
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын  гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлт дэлхийн эрүүл мэндийн өдрөөр Баянхонгор аймагт боллоо.

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, ЭМГ-ын албаны дарга С.Батцэцэг болон холбогдох байгууллага хамт олон, иргэдийн төлөөлөл оролцов.  

Манай улс  элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй цаашид элэгний хорт хавдрын өвчлөл залуужих хандлагатай байгаа аж. Энэ өвчлөлийг эмчлэх түүнээс болоод иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад  МУ-ын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй түвшинд байгаа тул “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ”  үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг 15-39 насны иргэдрүү чиглэн явуулахаар болжээ. Иймээс 15-39 насны хүүхэд залуусыг өмнөх шатны илрүүлэг шинжилгээ, шинжилгээнээс хоцорсон 40-65 насны иргэд, 65-с дээш насны ахмад настнуудаа эрүүл мэндээ хамгаалах энэ үйл ажиллагаанд ач холбогдол өгч идэвхтэй оролцохыг аймгийн удирдлагууд нээлтийн үеэр уриалж байлаа.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд улсын хэмжээнд 40-65 насны 353,445 иргэн хепатитийн В, С вирусын илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан ба энэ нь нийт зорилтор иргэдийн 57 хувийг эзэлсэн байна. Харин аймгууд дахь хепатитийн В, С вирусын халдварын илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан түвшин дунджаар 60,4 хувьтай байна.

Баянхонгор аймгийн хувьд хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 40-65 насны 19507 иргэнээс 11178 хүн хамрагдаж, илрүүлэг шинжилгээний хамрагдалтын хувь 57,3 хувь байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 22,4 хувьд нь С вирус, 8,1 хувьд нь В вирус илэрчээ. Жилийн эцсийн байдлаар 40-65 насны зорилтот бүлэгт тархвар судлалын заалтаар 2700, сайн дурын дархлаажуулалтаар 1200,  ЭМБ, Цагдаа хүчний байгууллагын эрсдэлт бүлгийн 1160 иргэнийг В вирусын халдвараас сэргийлэх вакцинд хамруулжээ. Мөн вирусын идэвхижил тоолох шинжилгээг  С вирус илэрсэн 1600 иргэнийг үнэ төлбөргүй хамруулж, 907 хүнийг эмчилгээнд хамруулжээ. Тус эмчилгээнд хамрагдсан иргэдийн 62,9 хувь нь эмчлэгдэж, 39 хувьд нь эмчилгээ үргэлжилж байгаа бол 0,5 хувь нь эмчилгээгээ тасалсан үзүүлэлттэй байгаа аж.

Аймаг орон нутгийн хэмжээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая төгрөгийг гаргаж 65-с дээш насны ахмадуудад хийгдэх шинжилгээний 6384 оношлуураар хангасан бол 2017 оны аймгийн ИТХ-ын 143 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Баянхонгор” дэд хөтөлбөр батлагдаж, хөтөлбөрийн хүрээнд илрүүлэг шинжилгээнд нэн шаардлагатай байсан 10 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгчээ. Мөн сум орон нутгийн удирдлагуудаас эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төлөх, үзлэг шинжилгээ хийгдэх бензин шатахуунаар хангах чиглэлээр дэмжиж ажиллажээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч мэргэжилтнүүд  элэгний B,C вирусын илрүүлэлтийг 15-39 насныханд үнэ төлбөргүй явуулж нийт 80 гаруй иргэд хамрагдсан байна.

Тус үйл ажиллагааг гардан явуулж буй мэргэжлийн багийхан  15-39 насны 37,000 хүн амыг энэ хоёрдугаар шатлалын үйл ажиллагааны хүрээнд шинжилгээнд хамруулах зорилготой байна. Мөн В, С вирусын халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2-р шат, “Элэг бүтэн Баянхонгор” дэд хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

 

                                                                                                                                                                         Д.Дэлгэрсайхан

 

2018-04-06 21:22:27