• 12 сарын 24, Мягмар гараг
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ ХОНГОР НУТГИЙН МУЗЕЙЧИД ӨРГӨН ТЭМДЭГЛЭВ
159 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуны эхэн сарын шинийн гуравны Балжинням давхацсан билэгт сайн өдөртэй Олон улсын музейн өдөр таширлав. 150 гаруй орныг өөрийн эгнээндээ нэгтгэсэн олон улсын Музейн холбооны санаачилгаар 1978 оноос энэхүү тэмдэглэлт өдрийг дэлхийн онцлог булан бүрт өргөн тэмдэглэх болсноос хойш эдүгээ 40 дэх жилтэй золгож буй аж. Манай улсад 2003 оноос энэхүү өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. А.Мандах захиралтай Баянхонгор аймгийн Музейн хамт олон өнөө жилийн Музейн өдрийг “Өргөн харилцаатай музей, шинэ хандлага, шинэ олон нийт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Тус Музейн хамт олон энэ өдөр хонгор нутгийн тусгаар тогтнолын баганат талбайд Музейн нээлттэй хаалганы өдөр хэлбэрээр олон улсын Музейн өдрийг өргөн тэмдэглэв. Энэ үеэрээ аймгийн музейгээс өрнүүлсэн бүтээлч сарын аяны хүрээнд олон уралдаан тэмцээнүүдийг зохион явуулсан байна.

Баянхонгор сумын есөн багийн дунд гар бөмбөгийн тэмцээн, ЕБС-иудын дунд “Эх түүхийн жим”-ээр тойрон аяллын шилдэг анги шалгаруулах болон ахмад настнуудын дунд цэнгээнт бүжгийн аваргуудыг тодруулах уралдаан, мөн аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын сурагчдын дунд “Музей миний нүдээр” гар зургийн уралдааныг тус тус зохион явуулж дээрх уралдаануудад аваргалан амжилттай оролцсон хүмүүсийн шагналыг гардуулж баяр хүргэв.

Гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг Билэгт-Отгон ахлагчтай баг “Эх түүхийн жимээр” тойрон аялалд Номгон сургуулийн 7б ангийн хамт олон, ахмадын цэнгээнт бүжгийн уралдаанд Даваадорж, Төмөрпүрэв, гар зургийн уралдаанд 11 дүгээр цэцэрлэгийн ахлах бүлгийн Б.Маралмаа нар тэргүүлж алтан медалийн эздээр тодров.

2018-05-18 00:28:33