• 12 сарын 24, Мягмар гараг
Г.БАТЖАРГАЛ: БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ БАНКНЫ ХҮҮГИЙН ДАРАМТААС ХӨНГӨЛЖ, 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, ХҮҮГҮЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БАЙНА
268 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй “Business Breakfast” уулзалт хийлээ.

 

Энэ удаагийн уулзалтыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим/МҮХАҮТ/-аас зохион байгуулав. Уулзалтад МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа тэргүүтэй танхимын хамт олон, Баянхонгор аймгийн 37 ААН-ын төлөөлөл оролцлоо.

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр байгаль орчны онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх аймаг болоход чиглэгдсэн. Уг мөрийн хөтөлбөрт мөн бүс нутгийн хэрэглээг хангахад чиглэсэн томоохон үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлосон, гадаад зах зээлд чиглэгдсэн, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэн үйлдвэржилтийн хувьсгал хийж, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин өсгөж, 2000-аас доошгүй иргэнийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж, ядуурлыг хоёр дахин буулуулахаар тусгасан. Эдгээр зорилтын биелэлт ямар байгаа талаарх яриагаар энэ удаагийн уулзалт эхэлэв.

 

Аймгийн Засаг дарга уулзалтын эхэнд Баянхонгор аймаг эдийн засгийнхаа тэргүүлэх чиглэлийг хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал хэмээн тодорхойлсныг онцлоод энэ хүрээнд хийгдэж буй томоохон ажлууд, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг оролцогч талуудад өглөө. Тодруулбал, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаж, Засаг даргын дэргэд Гадаад харилцаа, аялал жуулчлалыг албыг байгуулсныг онцоллоо. Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газрын 21-100 хөтөлбөр, орон нутгийн Засаг даргын болон шат шатны дэд хөтөлбөрүүдэд эдийн засгийг тэлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор олон ажлууд тусгалаа олж, эхнээсээ биелэлээ олж байгааг дуулгав.

Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс явуулсан бодлого, шийдвэрийн хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, үр дүн гараад байна. Тухайлбал, 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4,1 сая байсан бол 2017 онд 4,3 сая болж өссөн байна. Энэ хувь хэмжээ цаашид тогтмол өсөх дүр зураг харагдаж байгаа юм. Нөгөө талаар 2017 онд нийтдээ 1200 гаруй ажлын байрыг бий болгосны 800 гаруй нь байнгын ажлын байр байжээ. Эндээс үзэхэд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлын байрыг бий болгох зорилт 2017 оны байдлаар 60 гаруй хувийн биелэлттэй гэсэн тооцоог хийж болохоор байна.

Орон нутгийн аж ахуйн нэгжүүд бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд санхүүгийн бодитой хүндрэл учирдаг байна.  Тэд банкнаас өндөр хүүтэй зээл авч эргээд зээлийн хүүндээ дарлуулдаг тухайгаа уулзалтын үеэр хэлж байлаа. Тиймээс уг хүндрэлийг үгүй хийхийн тулд аймаг, орон нутаг бодлогоор гурван жилийн хугацаатай, хүүгүй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэсэн. 2017 онд 560 сая, энэ онд 400 сая, нийтдээ 960 сая төгрөгийг энэ чиглэлээр тодорхой шаардлага хангасан ААН-үүдэд олгоод байна. Жил бүр уг зээлийг олгох замаар аймаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай болох юм. Уг санд төвлөрүүлсэн мөнгөний хувь хэмжээг шат дараатай нэмэгдүүлж, Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчид дунд хугацааны, хүүгүй зээлээр бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Дунд хугацаанд энэхүү үйл ажиллагааг тогтвортой явуулж аймаг бизнес эрхлэгчдийг дэмжих 10 тэрбум хүртэлх зээлийн сантай болох зорилтыг өмнөө тавьжээ.

 

МҮХАҮТ-ын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг төрийн зүгээс дэмжих нэг боломжийг бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах явдал гэж харж байна. Монгол Улсын хэмжээнд 56 төсвийн ерөнхийлөн захирагч байгаа бөгөөд тэд өнгөрсөн онд хоёр их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний худалдан авалт хийсэн байна. Харин үүний ердөө хоёр хувь нь дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хамаарсан судалгаа гарчээ.

 

Аймгийн Засаг дарга дээрх судалгааны үр дүн нь Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотойг тодотгож байв. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс зарлагдсан тендерт оролцоход тавигдаж буй шаардлага, нөхцлийг хангадаггүй, өрсөлдөх чадварын хувьд сул байдгаас болж төрөөс зарлагдаж буй ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хамрагдаж чаддагүй байна. Харин энэ байдал орон нутгаас удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу өөрчлөгдөж, холбогдох хуульд орон нутгийн аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр оролцдох байх заалт тусах нааштай дүр зураг бий болсныг уулзалтад оролцогчдод аймгийн Засаг дарга Г.Батжаргал дуулгалаа.

 

Нөгөө талаар тендер сонгон шалгаруулалтад хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн оролцоо, хяналт сул байгаа талаар уулзалтад оролцогчид хэлж байв. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал цаашид аливаа тендер, сонгон шалгаруулалтыг явуулахад хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн төлөөллийг хувь хэмжээг 40 хувьд хүргэхээ илэрхийллээ.

 

Баянхонгор аймгийн хувьд 2017 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр 5,2 тэрбум төгрөгийн 45 ажил, замын сангийн хөрөнгөөр 520 сая төгрөгийн 14 ажил, Орон нутгийн төсвөөр  1,4 тэрбум төгрөгийн 24 ажил, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 910 сая төгрөгийн 28 ажил, арга хэмжээ хэрэгжинэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 23 ажлын 16-гийн эрхийг орон нутагт шилжүүлжээ. Эдгээр орон нутаг өөрөө хариуцаж хийх ажил, арга хэмжээ бүрт орон нутгийн аж ахуйн нэгж, компаниуд давуу эрхтэйгээр оролцох боломжийг Баянхонгор аймаг бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь төрөөс орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж буй бодлогын томоохон дэмжлэг гэж хэлж болохоор байна.

 

 

 

 

2018-06-17 18:53:41