• 12 сарын 24, Мягмар гараг
ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ДАХИН 100 ИРГЭН ХАМРАГДАЖ БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА
123 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мал маллах чин хүсэл сонирхол, чадавхи бүхий иргэдийнхээ амжиргааг дэмжсэн тус төслийн үр өгөөжийг зорилтот бүлгийн иргэд ийнхүү хоёр дахь жилдээ хүртэж байна.

Энэ онд малжуулах төсөлд хамрагдах хүсэлтээ 160 гаруй өрх гаргаад байсан ба аймгийн ХХҮГ, НБХ-ээс тодорхой шаардлага үнэлгээ хийж шалгаруулсаны эцэст өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал малжуулах төсөлд хамрагдах 100 өрхөд батламжийг гардууллаа.

Эдгээр 100 өрхтэй аймаг тодорхой зүйлүүдийг тусгасан гурвалсан гэрээ байгуулан ажиллана.

Гэрээнд малчид төсөлд хамрагдан малжаад хөдөө орон нутагруу гарсан бол эргэн аймгийн төврүү нүүж орж ирэхгүй байх, тус өрх сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдээ тухайн сум орон нутагтаа шилжүүлэн авч сургах, сум багийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бэлчээрт ээлтэй ажиллах зэрэг зүйлүүдийг тодорхой заажээ.

Байгуулсан гэрээний хүрээнд төсөлд хамрагдсан малчид 2 жилийн дараа эргэн төлөлтөө хийж эхэлнэ.
Төслийн санхүүжилтийн 250 саяыг ХНХЯ-ны ХЭДСангаас олгож буй бол Баянхонгор аймаг нэмж 100 сая төгрөгийг өөрсдийн нөөцөөс шийдвэрлэн нэг өрхөд 3.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгох болно.

Энэ үеэр Баянхонгор хөрөнгө оруулалт хөгжлийн корпорацийн захирал С.Батцэрэн, ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Дуламсүрэн, ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Алтантуяа, н.Тамиртунгалаг нар байлцаж батламжийн эздэд тодорхой холбогдох мэдээлэл зөвлөгөөг өгөв.

2017 онд Баянхонгор аймаг 300 гаруй сая төгрөгөөр өөрийн аймгийн малгүй 100 өрхийг 7600 гаруй толгой малаар малжуулсан бол 2018 онд 100 өрхийг 350 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулах юм.

 

2018-07-07 03:16:05