• 12 сарын 24, Мягмар гараг
Баянхонгор аймгийн бүх багийн дарга, эмч нар унаатай боллоо
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 147 дугаар заалт, Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 53 дугаар заалтад туссан 36 багийн эмч, 210 дугаар заалтад туссан 77 багийн Засаг даргыг мотоцикль, аймгийн төвийн хоёр багийн өрхийн эмнэлгийг автомашинтай болгох ажил биелэлээ олж төмөр хөлгүүд эздийнхээ гарт очлоо.

Баянхонгор аймгийн хувьд 2010 оноос хойш төрийн анхан шатны нэгжид ажиллаж, иргэдэд төрийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэж ирсэн багийн дарга, багийн эмч нарын унааг шинэчлээгүй юм. Тэгвэл 2017, 2018 он дараалан уг асуудлыг аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү бүрэн шийдвэрлэж байна.

Орон нутгийн “Бүдума “ХХК тендерт шалгарч орон нутгийн хөрөнгө оруулалт 187 сая гаруй төгрөгөөр орчин үеийн хурд хүч сайтай, хөдөөгийн замд туулах чадвар өндөр нийт 113 мотоциклийг хугацаанд нь нийлүүлжээ. Ингэснээр Баянхонгор аймгийн бүх багийн дарга, эмч нар бүрэн унаагаар хангагдаж байна. Нөгөө талаар энэ үйл явдал төрийн анхан шатны нэгжийн үйл ажиллагаа, чанар хүртээмжийг 60 орчим хувиар нэмэгдүүлнэ гэдгийг багийн дарга нар хэллээ.

Энэ жилийн тухайд Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр зэрэг говийн сумдад гантай байна. Хөдөөгийн малчид хөрш зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийгээд эхэлсэн. Энэ цаг үед багийн дарга, эмч нарыг унаатай болгосон нь цаг үеэ олсон ажил болсныг хөдөөгийнхөн хэлж байна.

Багийн дарга эмч нар өнөөдрийг хүртэл хүний машинд дайгдах, эсвэл хувийн унаагаар төрийн албыг гүйцэтгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Ингэхдээ хамгийн холдоо 200 орчим км замыг тулж харъяа өрхдөө үйлчилгээ үзүүлдэг байна.

Багийн дарга, эмч нарт мотоциклийг гардуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Төрийн анхан шатны нэгжийн үйл ажиллагаа сайн байснаар иргэдийн  төрдөө итгэх итгэл нэмэгдэж, төрийн үйлчилгээ сайжирна. Гэвч төрийн зүгээс анхан шатны нэгжийн ажил үйлчилгээ явуулах нөхцөлийг бүрэн шийдвэрлэж чадаагүйгээгээс хүндрэл дутагдал гарч байсан талтай. Тэгвэл одоо энэ хүндрэл үгүй болж, гагцхүү та бүхний хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаалах болж байна” гэдгийг онцолж байлаа.

Дашрамд дурдахад багийн дарга, эмч нарын шатахууны хэмжээг өнгөрсөн жил аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд хоёр дахин нэмэгдүүлжээ.

 

2018-07-22 20:41:35