• 12 сарын 24, Мягмар гараг
Сарлагийн наадгай, Зургаан түмэн сарлагийн баяр боллоо
231 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор сумын Шаргалжуут наймдугаар баг болон Эрдэнэцогт суманд сарлагийн наадам боллоо. Тус аймаг нь 2018 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор энэхүү сарлагийн баярын арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг даргын дэргэдэх ГХАЖА-наас дэмжлэг үзүүлж, аялал жуулчлалын нэг шинэ бүтээгдэхүүнийг бий болгох зорилгыг тавин ажиллаж байна.

Энэ сарын 27-ны өдөр Шаргалжуутад болсон сарлагийн наадгайг хүүхдийн төлөө “Халуунболор” тархины саажилттай хүүхдийн асрамжийн төвийн захирал А.Одончимэг 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Сарлагийн наадгай Шаргалжуутын Хадаагийн булаг хэмээх сарлаг хэмээх хангай сүрлэгийн амьтаны анх нутагшуулсан газар болж, хүүхдийн төлөө ”Халуунболор” тархины саажилттай хүүхдийн асрамжийн төвийн барилгын шав тавих ёслолоор эхэллээ. Байгуулагдаад 20 жилтэйгээ золгож буй энэхүү төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулснаар тархины саажилттай хүүхэд, тэдний эцэг эхэд тусалж буй явдал гэдгийг төвийн захирал А.Одончимэг хэлж байна.

Сарлагийн наадгайн үеэр таван хошуу малын тухай дууны тэмцээн, сарлагчин гэр бүл шалгаруулах тэмцээн, таван километрт сарлагийн урадаан, ихэр тугалын баяр зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Тэгвэл энэ сарын 29-нд болсон “Зургаан түмэн сарлагийн наадмыг Эрдэнэцогт сумын ЗДТГ, ИТХ, аймгийн ГХАЖА-тай хамтран зохион байгууллаа. Улсдаа сарлагийн тоогоор  Архангай аймгийн Тамир сумын дараа хоёрдугаарт ордог Эрдэнэцогтчууд энэ жилийн сарлагийн баярыг олон нийтэд сонирхолтой болгоход анхаарч ердийн хөсгийн цуваа, сарлаг унасан сайхан хос, сайхан бух, эмнэг сарлагийн үхэр, уран бугуйлч зэргийг шалгаруулж, сарлагийн уралдааныг зохион байгууллаа. Гадна, дотны жуулчин, нутгийн түмний хувьд нэн сонирхолтой болдог энэхүү баярын үеэр дуутай хурууны наадгайг зохион байгуулж, ялагчдыг тодруулсан юм. Сонирхуулахад дуутай хурууг монголын соёлын өвд бүртгүүлэх ажлыг Эрдэнэцогт сумын удирдлагууд шат дараатай хийж байна.

Нөгөө талаар 60 мянга гаруй сарлагтай тус сумын хувьд сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулах боломж их байдаг. Тиймээс аймгийн ЗДТГ, Эрдэнэцогт сумын ЗДТГ, үндэсний үйлдвэрлэгч Витафит компанитай хамтран сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдэрийг байгуулахаар боллоо. Тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ Сарлагийн баярын үеэр болсон юм. Уг үйлдвэр нь хоногт арван тонн сүүг малчдын гар дээрээс худалдан авч, цөцгий, аарцаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлнэ.

 

 

2018-07-30 19:14:37