• 12 сарын 24, Мягмар гараг
ЭРДЭМ СУРГУУЛЬ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 1425 ХҮҮХЭД ХҮЛЭЭЖ АВЧЭЭ
200 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн хамгийн отгон сургууль буюу Эрдэм ахлах сургууль ес дэх хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 110 багш ажилчидтайгаар 35 бүлгийн 1425 хүүхэд хүлээж аваад байгаагаас 1-р ангийн 4 бүлгийн 126 хүүхэд байгаа аж.

Эрдэм ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч Б.Нацагдорж, нэрт сурган хүмүүжүүлэгч, ахмад багш М.Долгорсүрэн, БСУГ-ын мэргэжилтэн н.Гандалай нар оролцож эрдэм номын үйлсэд шамдан суралцаж буй энхрий бяцхан хүүхэд багачууд түүнийг сурган хүмүүжүүлэх үйлсэд гар сэтгэл нэгдэн хүчин зүтгэж буй Ц.Загдсүм захиралтай багш хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Засаг дарга Г.Батжаргал Эрдэм ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо сургуулийн сургалтын орчин, нөхцөл байдалтай танилцаж хүндрэлтэй байсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон юм.

Ингэхдээ урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох сургалтын орчин буюу урлагийн заалгүй тус сургуулийг ирэх жил урлагийн заалтай болгох, биеийн тамирын заалны цементэн шалыг солиход 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Мөн аймгийн төвийн бүх сургуулиудаас шилэн кабельд холбогдож чадаагүй үлдсэн тус сургуулийг шилэн кабельд холбуулах, ирэх жил 10 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулийн гадна талбайг хөл бөмбөгийн дэвжээ бүхий спортын талбайтай тоглоомын талбайгаар тохижуулж бэлэг барихаар болсон юм.

Ингэхдээ тэрээр багш ажилчдын ажиллах, хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах, боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд энэ мэт бололцоотой бүх хэлбэрээр аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газраас бодлогоор дэмжиж ажиллана. Гагцхүү та бүхэн хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр бүхнийг хийж сургалтын агуулга, чанар дээрээ ахиц дэвшил гаргахад дор бүрнээ хичээнгүйлэн анхаарч ажиллаарай хэмээн Эрдэм сургуулийн удирдлага, сургалтын менежер, заах аргын нэгдэл, багш ажилчдаас хүслээ.

Бүх салбараас тэргүүлэгч нь болох боловсрол, эрдэм номыг түгээн дэлгэрүүлэгч багш, сурган хүмүүжүүлэгч нар, түүний шим ундрагыг цуцалтгүй хүртэх хүүхэд багачуудынхаа эрдэм номын гэгээн үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

2018-08-31 21:42:10