• 05 сарын 19, Ням гараг
“Говийн гайхамшигт 6” III зөвлөгөөн Эхийн голд болов
68 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

Африкийн “BIG 5” буюу заан, ирвэс, арслан, хирс, усны үхэр гэсэн таван амьтны тухай ойлголт дэлхий дахинаа аль хэдийнэ танил болжээ. Тэдгээр амьтныг “BIG 5” хэмээн алдаршуулж, хамгаалах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжих болсон.

Үүнээс санаачлан говийн экосистемийг хамгаалах “Говийн гайхамшигт 6 буюу Great Gobi 6“ гэсэн нэрийг Монголын брэнд болгон дэлхийд таниулах ажил гурав дахь жилдээ өрнөж байна. Говийн гайхамшигт зургаад Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэрэг амьтан орно

Баянхонгор аймгийн Нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 140 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд аймгийн засаг даргын захирамжын дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газарын санаачилгаар “Говийн гайхамшигт-6” гуравдугаар зөвлөгөөнийг Шинэжинст сумын “Эхийн голд”  2018 оны 09 дүгээр сарын 30-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ний хооронд зохион байгууллаа. “Говийн гайхамшигт 6” амьтнаар дамжуулан говь нутгийн экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулж, цаашид үйл ажиллагааг нэгтгэх нь уг арга хэмжээний гол зорилго  байв.

 

Гурав дахь удаагийн зөвлөгөөнд БОАЖ-н дэд сайд Ц.Батбаяр, Аймгийн засаг дарга Г.Батжаргал, ЦЕГ-н төлөөл, БОАЖЯ-ны ТХНУГ-н төлөөл, Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, ТББ-д, Баянхонгор, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын төлөөлөл, Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийн хамгаалалтын захиргаа болон орчны бүсийн Цогт, Эрдэнэ, Алтай, Шинэжинст, Баян-Өндөр сумдууд, Монгол элсний БЦГ, Хустайн БЦГ-ын нийт 250 орчим хүн оролцлоо. Тэд дэлхий нийтийн өмнө хүлээсэн байгаль хамгаалах үүргээ ухамсарлан “Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалахаар нэгдэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж байлаа. Мөн “Говийн гайхамшигт зургаа” санаачлага олон нийтийн анхаарлын төвд орж талуудын оролцоо нэмэгдэн “Зохицуулах зөвлөл” байгуулагдан ажиллаж байгааг сайшаан, Зохицуулах зөвлөлөөр дамжуулан “Говийн гайхамшигт зургаа” түүний амьдрах орчныг хамгаалах, зохистой ашиглахтай холбоотой хөрөнгө санхүүжилтийн арга, механизм шаардлагатай болохыг онцолж байлаа. Нөгөө талаар “Тахийн талын тунхаг” болон “Баяртооройн тунхаг” бичигт төлөвлөсөн үйл ажиллагааг талууд идэвхи зүтгэлтэйгээр хэрэгжүүлснийг цохон тэмдэглэж, Алтайн Өвөр Говийн Эхийн голын баянбүрдэд зохион байгуулагдсан “Говийн гайхамшигт зургаа” III зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичгийг үйлдэж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиров.

Гурав дахь удаагийн зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэд хэдэн санал, санаачилгыг дэвшүүллээ. Тэрээр “Говийн гайхамшигт зургаа” амьтны чухал, цөм амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх ялангуяа Эхийн голын баянбүрдийг хүн, малын нөлөөнөөс ангижруулах санаачилгыг дэвшүүлсэн юм. Нөгөө талаар “Говийн гайхамшигт зургаа” санаачлагын хүрээнд төлөвлөгдсөн хамгааллын ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийн арга, механизмыг боловсронгуй болгох, хөрөнгө төвлөрүүлэх зорилготой итгэмжлэгдсэн сан байгуулах, аймаг бүр 50 сая төгрөгийг жил бүр санд төвлөрүүлэхийг уриаллаа.

Говийн их дархан цаазат газрын захиргаа Говь-Алтай аймагт байрлаж байна. Гэтэл тус захиргаанаас Эхийн гол 200 гаруй км зайтай байдаг. Нөгөө талаар байгаль хамгаалагчдын тоо цөөн, шатахууны зардал хүрэлцээгүй зэрэг хүндрэл их аж. Энэ байдал нь говийн гайхамшигт зургаа хэмээн нэрлэгдэж буй амьтдын амьдрах орчин болсон гол орчныг бүрэн хамгаалах, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжийг багасгаж байгааг онцолж байлаа. Тиймээс Эхийн голын байгаль хамгаалах хэсэг байгуулах, цаашид Баянхонгор аймагт ГИДЦГ-ын захиргааны салбарыг байгуулах зэрэг зайлшгүй анхаарах ёстой шаардлага хэрэгцээг энэ удаагийн зөвлөгөөнөөс тодорхойлж гаргалаа.

Эдгээр санал, санаачилгыг нэгтгэж “Говийн гайхамшигт зургаа” III зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичгийг гаргаж, талууд мөрдөж, хэрэгжилтэд анхааран ажиллахаар болсон юм. Тус тунхаг бичигт булаг уст цэг, нарны энергийн өргүүртэй худгийг гаргах, сэргээн засварлах, мониторинг хийж үр дүнг тооцох ажлыг 7 газарт гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж буй Прагийн амьтны хүрээлэн, Мазаалай хамгаалах санд талархал илэрхийлж бусад талуудад уриалах, “Говийн гайхамшигт зургаа” амьтны чухал, цөм амьдрах орчинд учирч болзошгүй цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, шаардлагатай тохиолдолд хүн, малаас үзүүлэх нэмэлт дарамтыг бууруулах, нэн шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг жил бүр төсөвлөх, хэрэгжүүлэх, Хавтгай тэмээ, мазаалай баавгайн нүүдэл, шилжилт  хөдөлгөөнийг үндэслэж хил дамнасан ТХГН байгуулах асуудлыг судлах, уламжлах, Хавтгай тэмээ, монгол бөхөнг сэргээн нутагшуулах, тусгаар популяци бий болгох менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд бодлогын хувьд дэмжих,  “Говийн гайхамшигт зургаа” санаачлагыг идэвхжүүлэх, олон талын тэгш оролцоог бий болгох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой “Зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг санал, уриалгыг тусгалаа.

 

2018-10-07 19:53:15